×

 

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалт болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шалгарсан оюутнуудад батламж гардууллаа.  

Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг сонгон шалгаруулжээ.
Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг анх удаа гадаадын тухайлбал, Оксфорд, Харвард, Стенфорд, Йел, Кембридж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуулийн анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт суралцах 31 иргэн,  дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгожээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залууст “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, цаашид хэрэгжүүлэхэд, оюутан залуусын хувь нэмэр чухал гэдгийг энэ үеэр онцоллоо.  Дэлхийн шилдэг их, дээд сургуульд Монголын оюутан залуус суралцахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх ажлыг цаашид ч үргэлжүүлнэ” гэв.
Ирэх 10 жилд “Алсын хараа-2050”,”Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд манай улсад 38,000 инженер техникийн ажилтан хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Ажлын хэсэг  бодлого, судалгаанд үндэслэж тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг харгалзан сонгон шалгаруулалт хийсэн” гэлээ.
 
Оюутнуудыг төлөөлж АШУҮИС-ийн оюутан Г.Хонгорзул “Ерөнхий сайдын тэтгэлэг оюутан залуус бидний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, суралцах тэгш боломж олгож байна” гэлээ.
 
Мөн Харвардын их сургуулийн тэтгэлэгт шалгарсан Л.Мижиддорж "Харвардын тэтгэлгийг дотоодоосоо авах боломж олдоно гэж төсөөлөөгүй явсан. Монголын залуус  бусад улсын хүүхдүүдтэй өрсөлдөж бэрх замаар энэ тэтгэлгийг олж авдаг. Харин анх удаа Ерөнхий сайд маань дэлхийн шилдэг их сургуулийн тэтгэлэг олгож буйд туйлын их баяртай байна. Цаашид зорьсноо биелүүлж, эх орондоо иргэн ирж мэргэжлээрээ ажиллах зорилготой" гэв.

Оксфордын тэтгэлэгт шалгарсан Я.Баярсүрэн "Байгаль орчны чиглэлээр суралцана. Энэ тэтгэлэгт хамрагдах нь миний мөрөөдөл байсан. Маш их баяртай байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн сурсан мэдсэнээ зориулна гэж бодож байна" гэлээ.
Сэтгэгдэл