С.САРУУЛ

“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл  энэ сарын 10 хүртэл “e-mongolia” системээр явагдаж буй. Иймд оюутнууд 03 дугаар сарын 10-аас өмнө амжиж бүртгүүлэх шаардлагатай. Тэгвэл гол шалгуурыг хангасан хэр нь “e-mongolia” систем дээр хүсэлт илгээх гэхээр боловсролын салбарын мэдээллийн сангаас шалгуур хангасан мэдээлэл олдсонгүй гэсэн мэдээлэл ирж байгаа аж. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Хэрвээ ийм мэдэгдэл ирж байгаа бол тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанд хандаж, өргөдөл, гомдлоо гаргаарай гэж зөвлөх байна. Учир нь тухайн сургууль нь оюутнуудын мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн санд оруулж байгаа. Тус мэдээллийн дагуу “e-mongolia” оюутнуудын хүсэлтийг хүлээж авч байгаа гэсэн үг. Хэрвээ боловсролын мэдээллийн санд тухайн оюутны мэдээлэл ороогүй бол энэ удаагийн “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах боломжгүй.

 Бүртгэл дууссаны дараа Батлан хамгаалах яамнаас хүсэлтүүдийг шалгаж, баталгаажуулна.  Мөн хүсэлт гаргасан хүүхэд болгон хамрагдахгүй.  Батлан хамгаалах яамнаас “e-mongolia” системд бүртгүүлсэн хүүхдүүдийн хүсэлтийг баталгаажуулна. Үүний дараа оюутнуудыг харьяа дүүргийн цэргийн штаб дээр нь дуудаж, бие бялдрын шалгалт авна. Тус шалгалтад тэнцсэн хүүхдүүд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах боломжтой гэсэн үг” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn