З.БАТЦЭЦЭГ

Өөрийн хил хязгаарыг хамгаалахын тулд "Үгүй" гэж хэлэх чадвар нь зөвхөн насанд хүрэгчдэд төдийгүй хүүхдэд ч бас чухал.

Сэтгэл зүйн хэлээр орчуулбал "үгүй" гэж хэлэх чадвар нь өөрийн хил хязгаарыг хамгаалах чадвар юм. Хэрэв хэн нэгэн таныг гэр бүл, найз нөхдийн ашиг сонирхолд харшлах зүйл хийхийг хүсtхэд та яаж татгалзахаа мэдэхгүй байгаа бол таныг бага насанд нь хувийн хил хязгаараа хамгаалж сургаагүй гэсэн үг. Сэтгэлзүйч Светлана Луккатай хамт бид хүүхдэд "үгүй" гэж хэлэхийг хэрхэн сургах, амьдралын ямар үед энэ нь онцгой ач холбогдолтой вэ мөн эцэг эхчүүд энэ асуудалд яаж хандах ёстой вэ гэдгийг олж мэдэцгээе.

Олон эцэг эх хүүхдүүдийг бие даан шийдвэр гаргах чадваргүй байдаг тул тэднийг удирдан чиглүүлэх шаардлагатай гэж үздэг. Хүүхэд өөрөө сонголт хийх боломжгүй, аав ээжүүд хүүхэддээ юу сайн бэ гэдгийг мэднэ гэдэгт итгэдэг учраас өмнөөс нь сонголт хийдэг. Энэ нь хоол унд, хобби, дугуйлан сонгохоос эхэлдэг. Гэсэн хэдий ч бодит байдал дээр ийм хандлага нь хүүхдийг өөрөө сонгох эрхийг хасаад зогсохгүй ирээдүйд өөрийгөө хамгаалахад болон хил хязгаараа тогтоож сурахад нь нөлөөлдөг. Үүний зэрэгцээ, өсөж томрох  хугацаандаа хүүхэд бие даасан байдалд хүрэхийг олон удаа оролддог. Ямар эрт ийм хүсэл төрдгийг мэдээд томчууд гайхдаг.

 

Гурван насны хямрал

Хүүхэд анх удаа ухамсартайгаар "үгүй" гэж хэлдэг нь гурван насны хямралын үе юм. Тэрбээр өөрийгөө бие даасан гэж мэдэгддэг. Өөрөө халбагаа барьж, өөрөө тоглоом сонгож, тоглоомын явцыг бий болгодог. Харамсалтай нь хүүхдийн энэ "эсэргүүцлийг" эцэг эхчүүд үргэлж эерэгээр хүлээж авдаггүй. Ихэвчлэн насанд хүрэгчид дүрмийг дагаж мөрдөхөөс татгалзах нь дуулгаваргүй байдал гэж үздэг. Энэ нь үл ойлголцол, бүр түрэмгийлэл үүсгэдэг. Тиймээс хүүхдэд "үгүй" гэж хэлж сурахад нь туслах хамгийн найдвартай арга бол гурван насны хямралын үеэр түүний амь насанд аюулгүй гэж үзсэн тэр мөчүүдэд биеэ даах хүслийг нь хүлээн зөвшөөрөх явдал юм.

Дүүтэй болох

Дүү нар том болоод ах, эгчийн эд зүйлсийг булаацалдаж эхэлдэг. Энэ үед аав ээжүүд “Дүүдээ өгчөөч, битгий дүүгээсээ харамла” гэдэг. Харамлахгүй яах вэ. Бага дүү эцэг эхийн бүх анхаарлыг татаад зогсохгүй, одоо өөрийнх нь эд зүйлс рүү дайрч байна гэж хүүхдүүд мэдэрдэг. Энэ мөчид эцэг эх нь нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, том хүүхдээ дэмжих хэрэгтэй. Ийм дэмжлэг нь түүнд өөртөө итгэх итгэлийг олж авах, хувийн орон зайгаа хамгаалж сурахад тусална.

Шилжилтийн нас

Өөр нэг чухал үе шат бол өсвөр үеийнхний хямрал. Хүүхэд гэр бүлээсээ гадуур шинэ амьдралыг олж, эцэг эхтэйгээ хуваалцахыг хүсдэггүй. Бүх насанд хүрэгчид энэ сорилтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Үүний үр дүнд тэд өсвөр насны хүүхдийг системтэйгээр, хэт хянаж эхэлдэг. Харамсалтай нь заримдаа энэ нь хэт туйлширч, утасны мессежийг нь унших, найз нөхөдтэй харилцахыг нь хориглох гэх мэт. Хэрэв бага байхад нь эцэг эх нь хүүхдийн хувийн хил хязгаарыг үл хүндэтгэж, түүнд "үгүй" гэж хэлэхийг заагаагүй бол өсвөр насандаа хүүхэд өөрийгөө хэрхэн хамгаалахаа мэдэхгүй болдог. Тиймээс хүүхдийн гэр бүлээс гаднах амьдралыг хүндэтгэн, түүний сонголтод итгэх нь, итгэлцсэн харилцааг бий болгох цорын ганц боломжит хувилбар. Хүүхдийг гадаад орчинд биеэ дааж, зохих ёсоор эсэргүүцэж сургах зөв арга зам юм. Хүүхэд эцэг эхдээ анх "үгүй" гэж хэлдэг тул хувийн хил хязгаар, түүнийг хамгаалах чадвар нь юуны түрүүнд гэр бүлдээ бий болдог гэдгийг ойлгох нь чухал юм.

Эх сурвалж: www.marieclaire.ru