2021–2022 оны хичээлийн жилд ЕБС-ийн 1 дүгээр ангид шинээр элсэн суралцаж буй сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаа улсын хэмжээнд эхэллээ. Судалгаанд төрийн өмчийн 325 сургуулийн 1404 бүлгийн 24000 сурагчийг хамруулна. Судалгаа энэ сарын 20-ны өдөр эхэлсэн бол 1 сарын турш үргэлжилнэ.

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхдээ хүүхдийн хөгжлийг “Бие бялдар”, “Танин мэдэхүй”, “Нийгэмшихүй” гэсэн 3 чиглэлээр судална. Багш хүүхэд нэг бүрийг таних, ялгаатай байдлыг илрүүлэх, цаашид сургалтын үйл ажиллагааг хэрхэн удирдан чиглүүлэх арга барилаа тодорхойлж, эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх юм.

Энэ судалгааны үр дүнд үндэслэн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, үйлчилгээний чанарыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх бодлого төлөвлөлтийн чиглэлийг тогтоох юм. Ирэх жилээс нэгдүгээр ангийн бүх сурагчдыг хамруулах бол цаашид 5, 9, 12 дугаар ангиудад нь дахин тухайн хүүхдийг үнэлэх юм.