Р.Чанцалдулам: Монгол Улсын тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд эрэлттэй байна

ХААИС-ийн боловсон хүчин бэлтгэх бодлого болон шинэ хичээлийн жилд оюутан элсүүлэх чиглэлүүдийн талаар тус сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Р.Чанцалдуламтай ярилцлаа.

-ХААИС нь шинэ хичээлийн жилд хэчнээн мэргэжлээр оюутан элсүүлэх вэ?
-Бид Монгол улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлийн дагуу ХАА-н салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнийг бэлтгэн гаргадаг. Цар тахлын улмаас их, дээд сургуулиуд элсэлтээ хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн хувьд бакалаврын 40 хөтөлбөрийн 60 мэргэжлээр оюутан элсүүлнэ. Түүнчлэн дээд боловсролтой хоёр дахь мэргэжлээр суралцах хүсэлтэй иргэдэд зориулсан 16 мэргэжлээр 2.5 жилийн эчнээ анги болон хавсарга мэргэжлийн сургалтдаа элсэлт авч байна.

-Элсэлтийг цахимаар зохион байгуулах нь хэр давуу талтай байв?
-Элсэлтийг цахимаар зохион байгуулах нь хэд хэдэн давуу талуудтай. Ялангуяа хөдөө орон нутгийн ЕБС төгсөгчид сургууль, мэргэжлээ сонгох гэж  аймгийн төвд эцэг эхийнхээ хамт хэд хоног хүлээж нилээд зардал чирэгдэл болдог. Харин цахимаар элсэлтийг зохион байгуулснаар:

  • ЭЕШ-ын оноо хүрсэн тохиолдолд сум орон нутгаасаа цахимаар холбогдон өөрийн хүссэн сургууль, сонгосон мэргэжлээрээ элсэх боломжтой болсон,
  • Нөгөө талаас уламжлалт аргаар элсэлт зохион байгуулахад эцэг, эхчүүд болон оюутан элсүүлэхээр очсон Их, дээд сургуулиудын төлөөллүүд сургуулиудаа сурталчилж мэргэжил сонголтод нөлөөлдөг тал бий. Ийм тохиолдолд намар нь мэргэжлээ сольё гэсэн хүсэлт, сургууль хоорондын шилжилт хөдөлгөөн их явагддаг. Харин онлайнаар элсэлт зохион байгуулснаар хүүхдүүд өөрийн хүссэн мэргэжлээ сонгож, бусдын нөлөөлөл бага, бие даасан шийдвэр гаргах болсон нь ажиглагдсан. Элсэгчид маань холбогдох сургуулийнхаа мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцаад, гэр бүл, найз нөхөдтэйгээ ярилцсаны үндсэн дээр хүссэн мэргэжлээ сонгож байна.

-ХААИС-д элссэнээр ямар давуу тал бий болох бол?
-Сүүлийн жилүүдэд ХААИС-ийг сонгож сурах оюутны тоо нэмэгдэж байгаа. Мэдлэгээ баялаг болгон хувиргаж чадах мэргэжил бол ХАА-н чиглэлийн мэргэжлүүд юм гэдгийг залуус ойлгож эхэлжээ. Манай сургууль судалгаанд суурилсан их сургуулийн хувьд шинжлэх ухааны олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг бөгөөд тэдгээр төсөлд оюутнууд маань оролцдог. Судалгааныхаа үр дүнд гаргасан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, инновацийг хэрэгжүүлэх ур чадвар олж авч байгаа нь бахархалтай санагддаг.

skip-share

Онлайнаар элсэлт зохион байгуулснаар хүүхдүүд өөрийн хүссэн мэргэжлээ сонгож, бусдын нөлөөлөл бага, бие даасан шийдвэр гаргах болсон нь ажиглагдсан

Жишээлбэл, энэ жилийн инновацийн бүтээлийн долоо хоногийн арга хэмжээнд Мал аж ахуй биотехнологийн сургуулийн оюутан Г.Эрдэнэчимэг -ийн “Улаанбуудайн болон царгасны соёолжны ханд агуулсан органик саван”, Инженер технологийн сургуулийн оюутан Ч.Пэрэнлэй, Г.Төгөлдөр нарын “Арвай хуурах төхөөрөмж” зэрэг олон шилдэг бүтээлүүд шалгарсан. Үүнээс харахад оюутнууд маань сайн судлаач, инновац, баялаг бүтээгчид болох боломжтой байгааг харуулж байна.

Түүнчлэн ХААИС-ийн гурван удаа магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрүүд Монгол Улсын тэргүүлэх зэргийн хөтөлбөрүүдэд тооцогддог. Мөн ХААИС-д суралцаж байгаа оюутнуудын хувьд дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж өндөр байдаг. ХАА-н мэргэжил эзэмшээд, цаашид энэ чиглэлээрээ ахисан түвшинд гадаадад сурах бодолтой бол эхнээсээ мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй юм.  Энэ жилийн хувьд Румын, Болгар, Казахстан зэрэг улсын Засгийн газрын тэтгэлгүүдэд хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлүүд олон байгаа нь хөдөө аж ахуй бол зөвхөн Монгол улсын төдийгүй дэлхийд тэргүүлэх чиглэлд байгаагийн илрэл юм. ХАА-н чиглэлээр магистр, докторт сурах бол анхнаасаа энэ чиглэлийн мэргэжил эзэмшвэл дараагийн шатанд илүү сайн суралцах боломж нь илүү өндөр байдаг. Түүнчлэн чадварлаг эрдэмтэн багш нар ажилладаг, сургалтын төлбөрийн уян хатан бодлого, кампусын зэрэглэлтэй байршил гэх мэт олон давуу талууд их бий.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг elselt.muls.edu.mn –аас авах боломжтой.

-Мэргэжлээ сонгож буй залууст Та багш хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Бид элсэгчдээсээ жил бүр тандалт судалгаа авдаг. Судалгаанд энэ жил хот, хөдөөгийн 1400  сурагчид хамрагдсан. Сүүлийн жилүүдийн судалгааны үр дүнгээс ажиглагдсан нэг онцлог нь хүүхдүүд мэргэжлээ ихэвчлэн өөрөө сонгодог болсон байна. Судалгаанд оролцсон сурагчдын (2021 оны 03 дугаар сарын байдлаар) 72 хувь нь өөрийн ирээдүйн мэргэжлээ сонгосон, харин 28 хувь нь мэргэжил сонголтоо хийгээгүй байсан. Ер нь сүүлийн жилүүдэд аав намайг багш, эсвэл инженер бол гэсэн учир би энэ мэргэжлийг сонгосон гэж ярих нь багассан.

Эцэг, эхчүүд ч гэсэн хүүхдээ сонирхсон мэргэжлээрээ суралцах нь үр дүнтэй гэдгийг ойлгосон байна. Хэн нэгний ятгалгаар мэргэжлээ сонгосон хүүхэд сурах явцдаа сургуулиа солих, хичээлдээ идэвхгүй болох, сургуулиас гарах зэрэг үзэгдэл их байсан нь түүврийн ярилцлагаас түгээмэл харагдаж байна. Оюутнуудын хувьд ч гэсэн хүссэн мэргэжлээ сонгосон бол илүү идэвх санаачилгатай, ойлгоогүй хичээлээ ойлгохын төлөө эрмэлзэж, амжилттай суралцаж чаддаг. Хүссэн мэргэжлээ сонгох нь амжилттай сурах хамгийн гол үндэс нь юм шүү гэж хэлмээр байна.  

-ХААИС-ийн гадаад харилцаа ямар түвшинд байна вэ?
-Манай сургууль гадаадын 36 орны 188 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж байна. ХААИС-д гадаадын 5 орны нийт 109 оюутан бакалавр, магистр, докторын шатанд суралцаж байна. Манай сургууль гадаадын их, дээд сургуультай хамтарсан 2+2, 3+1 хос болон хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилд гэхэд 53 оюутан хос хөтөлбөрт ОХУ, БНСУ, БНХАУ-д суралцаж байна.

skip-share

Мал зүйч, малын эмч, биотехнологи, бүтээгдэхүүний чанарын үнэлгээ, газар тариалан, агрономи,  менежмент, нягтлан бодогч, санхүү, маркетинг, эдийн засаг, программ хангамж, газрын кадастр зэрэг мэргэжлийн оюутнуудыг төгсөхөөс нь өмнө компаниуд захиалаад ажилд авчихдаг.  

БНХАУ-ын Хэнан мужийн Хэнаны Хөдөө аж ахуйн их сургуультай хамтарсан 3+1, 2+1 хөтөлбөрийг “Хүнсний инженерчлэл”, ”Биотехнологи” гэсэн хоёр мэргэжлээр англи хэл дээр хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хоёр хөтөлбөрт суралцаж байгаа оюутнууд маань эхний гурван жилд Монголдоо сурч, сүүлийн нэг жилд Хятадад сураад хоёр улсын дипломтой төгсөнө. Төгсөхдөө англи хэлтэй, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын дөрөвдүгээр түвшний мэдлэг эзэмшсэн байх юм. Өнгөрсөн хичээлийн жилд тус хөтөлбөрт хамрагдсан  нэгдүгээр курсын 17 оюутан хятад хэл үзээд, хаврын HSK шалгалтын дүнгээр 10 оюутан хоёрдугаар түвшинд тэнцлээ. Үргэлжлүүлэн гурван жил сурах учир сургуулиа төгсөхдөө дөрөвдүгээр түвшинд хүрэх бүрэн боломжтой нь харагдаж байна.

-ХААИС-д ирэх хичээлийн жилээс ямар шинэ мэргэжлийн чиглэлийн ангиуд нэмэгдэж байгаа бол?
-БНХАУ-ын Хэнаны ХАА-н их сургуультай хамтран “ХАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ АВТОМАТЖУУЛАХ, РОБОТЖУУЛАХ” 3+1 англи хэл дээрх хөтөлбөртөө элсэлт авна. Ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллах хүн хүчний нөөц хомс манай орны хувьд үйлдвэрлэлийг автоматжуулах, роботжуулах нь ихээхэн чухал болоод байна. Иймд энэ чиглэлээр хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай холбоотой нийгэмд эрэлт хэрэгцээтэй шинэ мэргэжлүүд бий болж байна. Жишээлбэл, Банкуудад дата инженерийн шинэ ажлын байр бий болсон. Түүнчлэн Дата аналист, шинжээч эдийн засагч зэрэг шинэ ажлын байр бий болж, эдийн засаг, хөдөө аж ахуйн их өгөгдөлд дүн шинжилгээ хийж, судалгааны үндэслэлтэй шийдвэр гаргахыг байгууллагууд хүсдэг болсон байна. Орчин үетэйгээ нийцсэн шинэ мэргэжлийн анги манай сургуульд нээгдэж байна. Ялангуяа ХАА-н үйлдвэрлэлийн чиглэлийн олон жилийн маш их дата бий.  Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг цаашид хэрхэн үр ашигтайгаар хөгжүүлэх чиглэлээр бодлого боловсруулагчдад зориулсан өгөгдлийн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргахад нь туслах ДАТА АНАЛИСТ мэргэжлийн ангийг нээж байна. 

-Манай улсад хөдөө аж ахуй, газар тариалан, малын гаралтай түүхий эдийг боловсруулах чиглэлийн мэргэжилтний эрэлт нэмэгдэж байна. Тэгэхээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд боловсон хүчин захиалах зэргээр хамтарч ажилладаг уу?
-Мал зүйч, малын эмч, биотехнологи, бүтээгдэхүүний чанарын үнэлгээ, газар тариалан, агрономи,  менежмент, нягтлан бодогч, санхүү, маркетинг, эдийн засаг, программ хангамж, газрын кадастр зэрэг мэргэжлийн оюутнуудыг төгсөхөөс нь өмнө компаниуд захиалаад ажилд авчихдаг. Манай сургууль компаниудаас өгсөн ажлын байрны захиалгуудыг цахим хуудсандаа байршуулдаг. Зарим оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийж байхдаа үнэлэгдэж, ажлын байраа олчихдог. Мөн “Төгстөлөө 50 хувийн цалинтай ажиллаж, давхар хичээлээ хийгээд яваач” гэсэн саналууд ч манай оюутнуудад ирдэг.

Бид Израйль, Япон зэрэг орны ХАА-н үйлдвэрлэлийн компаниудтай хамтарч, оюутнуудыг зуны хугацаанд цалинтай дадлага олгох хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, энэ жил Япон улсын интоор тариалдаг компаниас дөрвөн оюутныг дадлага хийлгэх захиалга өгсний дагуу виз нь гарсан. Манай оюутнууд интоор жимс тариалдаг компанид гурван сарын хугацаанд дадлага хийж, жимсний аж ахуйн үйлдвэрлэлийн үе шатуудтай танилцана. Өөрийн мэргэжлийн хүрээнд жимс жимсгэний аж ахуй, газар тариалангийн бусад компаниуд, цаашид мал аж ахуй фермерийн чиглэлээр ажилладаг компаниудаас Японы талаас захиалга авч байна. Ковидын халдварын тархалт буурвал манай оюутнууд Япон улсад цалинтай дадлага хийх боломжууд илүү нэмэгдэнэ.

Японы талаас мэргэжилдээ дур сонирхолтой, тууштай, хичээнгүй, япон хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй оюутныг сонгодог. Манай оюутнууд энд сонгогдсоноор нэг, хоёрдугаарт курстээ Монголдоо үзсэн онолын мэдлэг, дадлагаар олж авсан практикийн чадвараа хөгжүүлэх, тухайн орны дэвшилтэт шинэ технологитой танилцан, шинэ зүйлийг сурч эзэмшиж давуу талуудтай юм. Мөн гадны технологийг Монголдоо авчрах, Монголын нөхцөлд нийцүүлэн хөрвүүлэх, нутагшуулах боломжтой юм гэсэн хэтийн зорилгын хүрээнд ихэвчлэн 3-р курсын оюутнуудаа явуулах бодлого барьж байна. 

-Малчид маань мөн боловсрол эзэмших хэрэгтэй болж байх шиг байна. ХААИС-д мэргэжлийн малчин бакалварын анги байдаг уу? 
-Малчин бэлтгэх анги байхгүй. Харин Мал аж ахуйн хөтөлбөрт мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент гэсэн мэргэжлийн анги байдаг. ХААИС-д энэ жилээс эхлэн ХАА-н нэг жилийн бэлтгэл хөтөлбөр хичээллүүлнэ. Уг хөтөлбөрийн хүрээнд ХАА-н мэргэжил эзэмшиж, орон нутагт тогтвортой ажиллах сонирхолтой суралцагчийг элсүүлэн бэлтгэж, ХАА-н чиглэлийн хүссэн мэргэжлээр нь суралцуулах юм. Ер нь УИХ-аас баталсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Алсын хараа 2050, Монгол мал үндэсний хөтөлбөр, Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль зэрэг бодлогын баримт бичиг, Монгол улсын засгийн газраас баталсан Монгол малчин, Эрчимжсэн аж ахуйг дэмжих үндэсний хөтөлбөрт тусгасан зорилго зорилт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орон нутагт ХАА-н салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа учраас ХАА-н мэргэжлийн бэлтгэл анги шаардлагатай байгаа юм.

-ХААИС-ийн сургалтын төлбөр ирэх хичээлийн жилд нэмэгдэх үү?
-ХААИС сургалтын төлбөрөө өндөр тогтоодоггүй. Манай оюутнуудын 70-80 хувь нь орон нутгаас ирдэг учир ахуйн нөхцөлийг бодож үзэх ёстой. Нэг кредит цаг хичээлийн үнэлгээ дунджаар 80-100 мянган төгрөгөөр тооцогддог. Лабораторийн туршилтууд их хийдэг учир сургалтын өртөг зардал жил бүр өсөж байна.

skip-share

Бизнес эрхлэгчид сүүлийн жилүүдэд ХАА-н салбарт хөрөнгө оруулж, газар тариалан, ноос ноолуурын салбар, фермерийн аж ахуй хөгжүүлж байна. Үүнийг дагаад ХАА-н мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн.

-ХААИС-ийг энэ жил хэчнээн оюутан төгсөв. Ирэх хичээлийн жилд хэчнээн оюутан элсүүлэхээр төлөвлөж байна вэ?
-
Энэ хичээлийн жилд 1600 оюутан элсүүлэхээр шийдвэрлэсэн.

-ХААИС-ийг төгсөгчийн ажил эрхлэлтийн үзүүлэлт нь ямар байгаа бол?
-Манай сургууль жил бүр төгсөгчдөөсөө ажлын байрны судалгаа авдаг. Манай төгсөгчдийн 60-70 хувь нь төгссөнөөсөө хойш 1-7 сарын хугацаанд ажлын байртай болдог. Бизнес эрхлэгчид сүүлийн жилүүдэд ХАА-н салбарт хөрөнгө оруулж, газар тариалан, ноос ноолуурын салбар, фермерийн аж ахуй хөгжүүлж байна. Үүнийг дагаад ХАА-н мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Ялангуяа Улаанбаатар хотыг тойрсон фермерүүдэд мэргэжлийн хүн ажиллуулах ажлын байрны шаардлага тавигддаг. Дээр нь мах, сүү, ноос ноолуурын үйлдвэрлэлүүд нэмэгдэж байна. Тэнд заавал малын эмч, мэргэжлийн хүмүүс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарын үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, лаборант ажиллах ёстой учир ААН-үүдээс захиалга ирдэг.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухаанчаар хандаж, стандарт дүрэм журмаар нь ажиллуулахыг зорьж байна. Өмнө нь өөрийн сонирхол, амьдралын хар ухаанаар мал маллаад, ашиг шимийг нь хүртэж ирсэн иргэд ч одоо бизнес эрхлэхийн тулд шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх ёстой гэдгээ ойлгож эхэлсэн нь сайн хэрэг. Ноос ноолуур боловсруулан үйлдвэрлэж буй Говь, Гоёо, Ханбогд брэндийн үйлдвэрүүд ноолуурын ширхэгийг сайн таньдаг, мөн лабораторийн нарийн мэргэжлийн ажлын байранд манай төгсөгчдийг сонгон авч байна. Дээр нь томоохон ААН-үүд өөрийн мэргэжилтнүүдээ манай сургуульд бэлдэж, туршлагатай, мэдлэгтэй нарийн мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж, сургалтад ажилчдаа хамруулж байна. 

-ХАА-н салбарт ямар мэргэжилтнүүд дутагдалтай байна вэ?
-ХАА-н чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд гаргаж байгаа боловч дутагдалтай мэргэжилтнүүд цөөнгүй бий. Залуучууд хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн хэр нь орон нутагт ажиллах сонирхолгүй, аль болох Улаанбаатар хотод л ойрхон ажиллах хүсэлтэй байдаг. Тухайлбал, Улсын хэмжээнд 1000 гаруй мал зүйч хэрэгтэй байна. Мөн малын эмч мэргэжилтэн дутагдалтай байна. Энэ жил малын эмч мэргэжлээр 136 оюутан төгсөөд байна. Засгийн газрын тэргүүлэх чиглэл хэмээн зарласан 37 хөтөлбөрийн 12 нь манай ХААИС-д байна. Тэр чиглэлээр сурч байгаа оюутнуудыг төгсөөд орон нутагтаа ажиллах хөшүүргийг Засгийн газраас дэмждэг баймаар байгаа юм. Жишээлбэл, Сургалтын төлбөрийг нь төрөөс хариуцаж, энэ тохиолдолд төгсөөд орон нутагтаа ажиллах зэргээр бодлого гаргавал орон нутагт боловсон хүчний дутагдал үүсэхгүй.

Энэ тал дээр төрөөс анхаарч шинэ төгсөгчид эхлээд орон нутагт 5-6 жил ажилласны дараа төв газар руу шилжих, дараагийн түвшинд сурч мэргэжил дээшлүүлэх зэргээр зохицуулах төрийн бодлого үгүйлэгдэж байна. Манай сургуулиас энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай саналуудаа ХХААХҮЯ-нд хүргүүлсэн байгаа.