Монгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа.

Хуулийн төсөлд дараах үндсэн эрх зүйн өөрчлөлтийг хийсэн байна. Үүнд:

  • Хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх боловсролын зорилго, зорилт, агуулгыг шинэчлэх;
  • Сургахаас суралцахуй руу чиглэсэн дэлхий нийтийн чиг хандлагын өөрчлөлтөд нийцүүлэн иргэний хөгжил, төлөвшил, ёс зүй, хандлага, чадамжид чиглэсэн сургалтын агуулга, боловсролын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх;
  • Боловсролын удирдлагын тогтолцоог оновчтой болгож, улс төрөөс хараат бус, чадахуйн зарчимд суурилсан хөгжил дэвшлийг хангах;
  • Боловсролын цахим шилжилтийг хангаж, цахим боловсрол, зайн сургалттай холбоотой харилцааг зохицуулах;
  • Чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг боловсронгуй болгох;
  • Боловсролын чанарын баталгаажуулалтыг боловсронгуй зэрэг асуудлыг шийдвэрлэхээр зорьсон байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу заавал эзэмших боловсролыг 12 жил байх, “Үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн эрх зүйн зохицуулалт, бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалтын асуудал, боловсролын санхүүжилтийг боловсролын үйлчилгээний гүйцэтгэл, чанар, үр дүнд чиглэдэг болгох, сурлагын ахиц дэвшлийн үнэлгээний тогтолцоог бий болгож, сургалтын чанарт суурилсан багшийн ажлын үнэлэмж, цалин, урамшуулал, нийгмийн баталгааг боловсронгуй болгох шинэлэг заалтуудыг хуулийн төсөлд тусгасан.

 

 

Энэхүү хууль хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д дэвшүүлсэн “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилгыг хэрэгжүүлэх таатай боломж бүрдэх юм.