Б.Сарангэрэл
Дэлхийн жишигт нийцсэн технологи, орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн МУИС-ийн номын сан зуны цагийн хуваариар ажиллахаар болжээ. Энэ тухай Номын сангийн захирал Г.Цэрэнгээс тодрууллаа.
-Оюутнуудын зуны амралт эхлэхээр сургуулийн номын сангууд үйл ажиллагаагаа зогсоодог шүү дээ. Танай сургуулийн номын сан зуны цагийн хуваарьт шилжин гурван сарын турш үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг үү?
-Урьд нь МУИС-ийн номын сан оюутнуудын хичээл амарсантай холбогдон дотоод ажлаа явуулах үүднээс ажилладаггүй байсан.Харин шинэ номын сан нээгдсэнээс хойш оюутан, багш нараас ирсэн хүсэлтийн дагуу нэг танхимаа зуны турш ажиллуулахаар болсон.
-Бусад сургуулийн оюутан сурагчид, болон иргэд үйлчлүүлэх боломжтой юу?
-Өөр сургуулийн оюутнууд болон иргэд үйлчлүүлэхээр маш их ханддаг ч бид ачааллаа дийлдэггүй учир тэр болгон хүлээн авч чаддаггүй. Тиймдээ ч өдрийн 15 хүний квот тогтоон ажилладаг байсан. Харин оюутнуудын хичээл амарсан учраас сандал ширээ хүрэлцсэн тохиолдолд квот тогтоохгүйгээр үйлчлэх болно.
Энэ нь нийгэмд ээлтэй оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм.
-Номын сангаар үйлчлүүлэгчид хүссэн номоо унших боломжтой юу. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Сая хэлсэнчлэн ачаалал бага байсан тохилдолд бүхий л төрлийн ном уншигчдад нээлттэй. Харин бичиг баримтын хувьд МУИС-ийн оюутан оюутны үнэмлэхтэйгээ,бусад оюутнууд иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд болно.
Эх сурвалж:www.polit.mn