×

Их Засаг олон улсын их сургууль  Улаанбаатар хотын баруун зүүн талд байрлах 2 цогцолбор, бүрэлдэхүүний 14 сургуультай, сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бакалавр, магистр, докторын сургалт хүртэлх боловсролын бүх шатны үйлчилгээг ард иргэддээ үзүүлж байна. Тус сургуулийн бүрэлдэхүүнд Хууль зүйн сургууль, Мэдээллийн технологийн сургууль, Чингис-Тур аялал жуулчлалын сургууль, Чингис-Соосэ Олон улсын харилцааны сургууль,  Жэсан-Чингис хаан сургууль, Хятад хэл-Соёлын сургууль, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль, Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль, Тайз дэлгэцийн урлагийн сургууль, Дархан-Уул  аймаг дахь салбар сургууль гэсэн бакалаврын сургалт явуулдаг 10 сургуульд 40 гаруй мэргэжлээр элсэлт аван сургалт явуулж байна.  Мөн Төгсөлтийн дараах шатны сургалтын алба  эрх зүйн докторантур, эрх зүй, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлалын магистр, эрх зүйн эчнээ, Дархан-Уул аймаг дахь салбартаа эрх зүйн магистр, мөн эрх зүйн эчнээ сургалтыг явуулж байна.

Тус сургуулийн харъяанд Рояал олон улсын дээд сургууль, Их Засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,  Их Засаг Лицей сургууль, Их Засаг Тэмүүжин цэцэрлэг ажиллаж байна. ИЗОУИС-ийн харъяа Рояал HD  залуусын телевиз, Малчин суваг телевиз Монгол орон даяар нэвтрүүлгээ байнга цацаж байна.

Их засаг олон улсын их сургууль нь Үндэсний түүх соёлын тэргүүлэх их сургуулийн хувьд дэргэдээ Нүүдлийн соёл иргэншлийн академи, Монголын малчдын алдар холбоо, Чингис хааны онгон шүтээний төв, Тэрэлж-Бумбан тур жуулчны бааз, Хүннү хөдөө арал жуулчны баазыг байгуулан ажиллуулж байна.

Тус сургууль  2008 онд Олон улсын Bи.Ай.Ди байгууллагын алтан категорийн “Олон улсын чанарын хаан титэм” шагнал хүртэж, 2010 онд Ази номхон далайн бүс нутгийн чанарын сүлжээний гишүүнээр элсэж Дэлхийн энд хүрсэн сургууль гэдгээ харуулсан юм. Их засаг олон улсын их сургууль өнгөрсөн хугацаанд 10 мянга шахам оюутан суралцагсадыг сургаж төгсгөсөн. Жил бүр 7 мянга орчим оюутан суралцагсадтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.

Их Засаг олон улсын их сургуулийн оюутнууд цэвэр, дулаан, тохилог сайхан орчинд сурч хүмүүждэг. Сургалтын 10 гаруй байр, мянган оюутан суух 3 дотуур байр, хүний их эмчийн болон гоо сайхны салбар 2 спорт цогцолбор, 2 соёлын төв, 84 мянга гаруй номтой 5 номын сан, багш оюутны цайны газар, 2 фитнес төв оюутан суралцагсадын тав тухтай сурч өсч хөгжих хэрэгцээнд ашиглагдаж байна.

Тус сургуульд Оюутан сурагчдад цогц боловсрол олгох сургалтын нэгдсэн хөтөлбөр, “Супер студент” тэтгэлэгт хөтөлбөр, Сурлагын дүн ахиулах сургалтын хөтөлбөр зэрэг оюутанд ээлтэй, тэдний сурч хүмүүжиж, өсч хөгжих боломжийг бүрдүүлсэн олон хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Сургуулийн жилийн улирал тутамд шилдэг 500 оюутныг шалгаруулж ар гэрт нь талархлын захидал хүргүүлж байгаа нь оюутнууд, тэдний аав ээж, ах дүү төрөл төрөгсөдийн талархалыг хүлээж улам сайн суралцах идэвхийг нь дээшлүүлж урам  зориг өгч байна.

Монгол Улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор Шуудангийн хайрцаг: 349, Zip код-13381,
info@ikhzasag.edu.mn