×

Түүхэн замнал

 

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавъяаны улаан тугийн одонт Батлан хамгаалахын их сургууль нь анх 1921 онд  жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэйгээр байуулагдсан Монгол Улсын мэргжлийн боловсролын  ууган сургуулиудын нэг билээ.

Тус сургуулийн анхны захирлаар Зөвлөлтийн мэргэжилтэн П.М.Толпыгин, монгол захирлаар нь Л.Дарьзав  нар ажиллаж байв.

Батлан хамгаалахын их сургууль нь:

  • 1921-1923 онд Ардын цэргийн даргын сургууль
  • 1923-1932 онд Бүх цэргийн ерөнхий сургууль
  • 1932-1966 онд Цэргийн ерөнхий сургууль
  • 1966-1991 онд Цэргийн ерөнхий болон Нэгдсэн дээд сургууль
  • 1990-1999 онд Цэргийн их сургууль
  • 1999 оноос Батлан хамгаалахын их сургууль болон өргөжин зохион байгуулагдаж,  үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

“Кампус – их сургуулийн хотхон”
ерөнхий төлөвлөгөө 

 Сургуулийн эрхэм зорилго

  • Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэл байдал, батлан хамгаалах болон цэрэг, иргэний боловсрол, сургалт, судалгааг хөгжүүлэх
  • Дээд боловсролын шинжлэх ухаан, инновацийн орон зайд тогтвортой өрсөлдөх чадварыг бий болгох.

Сургуулийн үндсэн үүрэг

  • Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал батлан аюулгүй хамгаалах бодлого, төрөөс боловсрол, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого зорилтод нийцүүлэн иргэний нийгэм, батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хүний нөөцийг бэлтгэх
  • Суурь болон хавсрага судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх

 

Гадаад хамтын ажиллагаа

Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, ХБНГУ, БНСУ, Япон, Канад, Франц, БНТУ зэрэг 10 гаруй оронтой батлан хамгаалах, цэргийн болон иргэний их дээд сургуулиудтай шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  1. Батлан хамгаалах салбарын цэргийн болон цэрэг-техникийн гадаад хамтын ажиллагаа, харилцаа
  2. Боловсролын салбарын гадаад хамтын ажиллагаа, харилцаа
  3. Өөрийн гадаад хамтын ажиллагаа, харилцаа

 

Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” 71-р тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Журам батлах тухай” 19-р тогтоолын дагуу буцалтгүй тусламж олгож байна.

Монгол улсын дээд боловсролын сургалтын аттестатчилагдсан байгууллагын өдрийн ангид хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж буй дараах суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Үүнд

  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь
  • Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.

 

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

ҮБХИС-ийн өдрийн ангид суралцагчдыг хичээлийн бус цагаар орлого олоход дэмжлэг үзүүлэх, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллана. Оюутнуудад цагийн ажлын үргэлжлэх хугацаа нь өдөрт 4 цагаас, долоо хоногт 20 цагаас илүүгүй байна. Хичээлийн жилийн завсарлага буюу зуны амралтын хугацаанд энэхүү хязгаарлалт хамаарахгүй.

“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд тогтмол зуучлах, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажилладаг.

 

Оюутны клуб, сегц, дугуйлан

Суралцахын зэрэгцээ оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслах зорилготой шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, техник, урлаг, спортын 21 клуб, дугуйлан хичээллэж байна. Оюутан нь өөрийн сонирхлын дагуу дээрх клуб, дугуйлан, сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломжтойгоос гадна та өөрөө шинээр клуб дугуйланг ажиллуулах боломжтой. ҮБХИС-д “Жудо самбо бөх”, “Үндэсний сур”, “Цана”, “Чөлөөт бөх”, “Олс таталт”, “Гандбол”, “Модон бөмбөг”, “Хөнгөн атлетик”, “Рагби”, “Үндэсний бөх”, “Волейбол”, “Сагсан бөмбөг”, “Цэрэгжлийн гимнастик”, “Удирдагч”, “Давах цаг”, “Аэронавадик”, “Зэвсэг”,  “Хөгжил”, “Account financier reign AFR”, “Аравт”, “Сонсогч оюутан инженер” зэрэг клубууд үйл ажиллагаа явуулж байна.

13300 Улаанбаатар,Баянзүрх дүүрэг, БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 хороо,Улаанхуаран
info@mndu.gov.mn