69 ЖИЛИЙН ТҮҮХТ ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛЬ

 

2022 оны байдлаар манай сургуулийг нийт 30000 гаруй оюутан бакалавр болон техникчээр төгссөн байна. УБТЗ-ын хөдөлгөөнтэй шууд холбоо бүхий анхан, дунд шатны ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудын 85 орчим хувь нь манай сургуулийн төгсөгч байна.

Төмөр замын дээд сургууль  нь нийт 108 ажилтантай. Мэргэжлийн салбарт, байгалийн ухаан инженерчлэлийн тэнхим, нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхимтэй.  Багшлах бүрэлдэхүүний  21% нь докторын зэрэгтэй, 79% нь магистр зэрэгтэй. Магистрын зэрэгтэй багш нарын 35% нь докторантур, аспирантурт  суралцаж байна.  

2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын сургалтад нийт 805 оюутантайгаар төмөр замын мэргэжлийн 9 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээ судалгааны цаг тооцох журмыг боловсруулан батлуулж мөрдсөн, олимпиад, эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон оюутнуудад  сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгох зэрэг эрх зүйн орчинг шинэчлэн сайжруулсантай холбоотойгоор багш нар, суралцагсдын судалгааны ажил гүйцэтгэх сонирхол, чадамж, эрдмийн зэрэг цол горилох судлаачдын тоо нэмэгдлээ. Зөвхөн сүүлийн хоёр жилд докторын зэрэгтэй багш 13 хувь, аспирантур, докторантурт суралцагчид 20 хувиар  нэмэгджээ.

 Багш оюутны эрдэм шинжилгээний хурлыг олон улс, салбарын хэмжээнд жил бүр 2 удаа тогтмол зохион байгуулж хэвшсэнээс гадна багш нар олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, өгүүллээ хэвлүүлж байна. Сүүлийн таван жилд сургуулийн багш ажилтнууд олон улсын хэмжээний хуралд 54, улс салбарын хэмжээний хуралд 122 илтгэл хэлэлцүүлж, 110 эрдэм шинжилгээний өгүүллэг хэвлүүлжээ.

Төмөр замын салбарт ажиллагсдад насан туршдаа суралцах боломжийг бий болгон мэргэжлийн боловсролоос техникийн боловсрол, цаашилбал бакалавр, магистрын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахаас гадна, ажиллангаа суралцах, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг стандартын дагуу зохион байгуулж байна.

Үндэсний хэмжээнд төмөр замын техникийн болон дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц сургууль