Монгол улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарт бий болгосон инновацийн шилдэг бүтээлүүдийг олж илрүүлэн, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй холбон инновацийн бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Шинжлэх ухааны академи түүний салбар хүрээлэнгүүд, их дээд сургуулиудын эрдэмтэн багш нарын инновацийн бүтээлүүд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Төрийн байгууллагуудаас БШУЯ, ХХААХҮЯ, ШУТСан, МТҮП 20 гаруй байгууллага оролцсон бол, ШУА, ХААИС, ШУТИС, МУИС эрдэм шинжилгээний болон их сургуулиуд оролцлоо. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдаас Юнител, Премиум Групп, Грийн Групп, Говь ХК, Таван богд монвет ХХК оролцсон нийт 75 хүний төлөөлөл бүхий томоохон хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

 

 

ХАА-н салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгарч буй саад бэрхшээл, оролцогч талуудын хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын шийдлийн талаар ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновац хөгжлийн төвийн захирал А.Бакей, Трютлайз ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулалтын зөвлөх Б.Батжавхлан, Грийн Групп ХХК-ийн Бизнес хөгжлийн албаны дарга Т.Мөнхтулга, Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн мэргэшсэн үнэлгээчин П.Баянсан,  Стартап Маркетинг Спэйс ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нар зочноор оролцлоо.

 

 

Эрдэмтэн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг холбосон дундын зуучлалын мэргэжлийн байгууллагын үйлчилгээг хөгжүүлэх хэрэгцээтэй байгааг онцолсон. Мөн ХАА-н салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд НӨАТ-ыг нэвтрүүлэх, чөлөөлөх биш хөнгөлөх тогтолцоог бий болгох, ХАА-н бүтээгдэхүүнд урамшуулал татаас өгөхөөс илүүтэй инновацийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр сууринд талууд санал нэгдлээ.