Багш нарын баярын өдрөөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон газрын дарга, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай уулзлаа.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлүүд:

- Багш нарын компьютерыг шинэчлэх

- Хоолны норм нормативыг өөрчлөх

- Залуу багш нарыг орон сууцжуулах

- Багш нарыг тасралтгүй хөгжүүлэх

- Илүү цагийн нэмэгдэл, тогооч нарын цалин урамшуулалд анхаарах

- Орон нутагт ажиллаж байгаа багш нарт дэмжлэг үзүүлэх

- Төрийн болон хувийн өмчийн их сургуулиудын босго оноог ижил болгох

- Хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эхчүүдээс гаргуулах  зэрэг олон асуудлыг хөндлөө.

Багшийн мэргэжлээрээ тасралтгүй суралцаж хөгжихөд дэмжлэг үзүүлэх хүрээнд Чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Мөн хичээлийн хоцрогдлыг гурван жилийн хугацаанд танхимаар нөхөх чиглэлд ажиллаж байгаа. Салбарын яам багшийн хичээлийг үнэлэн авч medle.mn цахим платформд байршуулах боломжийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүд чадварлаг багшийн хичээлийг цахимаар үзэх боломж бүрдэж байгаа юм. Нөгөө талаас багш нарын хувьд сайн хичээлээ үнэлж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. Сургуулийн өмнөх боловсролын хувьд ээлжийн багшийг ачаалал ихтэй 6 цэгт, 25 сургуульд хичээллүүлж байгаа. Их, дээд сургуулийг цаашид сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх, Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяалалд шилжүүлсэн зэрэг ажлуудаа салбарын сайд онцоллоо.

Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд салбарын дөрвөн хуулийн төслийг хэлэлцүүлж буй. Эрх зүйн шинэчлэлээр багш нарын хуримтлалын сан, нийгмийн баталгаа, эрүүл мэнд, цалин хөлс, урамшуулал, дэмжлэг, сурч хөгжих зэрэг олон асуудал шийдэгдэх талаар мөн дурьдлаа

БШУЯ, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн 2019 онд байгуулсан хамтын хэлэлцээр энэ онд дуусаж байгаа. Үүнтэй холбогдуулан хамтын хэлэлцээрийн үр дүнг ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо. Хамтын хэлэлцээрийн хүрээнд цалин хөлс, хөдөлмөрийн норм, норматив, ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж ажилласан. Цаашид хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулж, багш нарыг дэмжих чиглэлээр нягт хамтарч ажиллахаа талууд илэрхийллээ.