С.САРУУЛ

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл зарлагдлаа.

Бүртгэл 2021 оны тавдугаар сарын 10-ны /Даваа гараг/ өдрөөс тавдугаар сарын 21-ний /Баасан гараг/ өдрийн 17:45 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн материалыг шуудан эсвэл цахим шуудангаар хүлээж авна. Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас хөтөлбөрт өөрчлөлт орох, сонгон шалгаруулалтыг хойшлуулах, цуцлах тохиолдол гарч болзошгүйг анхаарах нь зүйтэй гэв.

Тодорхой шалтгааны улмаас шуудан эсвэл цахим шуудангаар материалаа илгээх боломжгүй тохиолдолд тавдугаар сарын 7-ны 12:00 цагаас өмнө Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбоо барихыг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Япон Улсын Элчин сайдын яам, Соёл, мэдээллийн хэлтэс

Утасны дугаар:  99104966 (ажлын цаг үдээс өмнө 9:00-13:00, үдээс хойш 14:00-17:45)

- Их сургууль болон ЕБС-ийн хэдэн жилийн сурлагын дүнг үзүүлэх хэрэгтэй вэ

- Хэрэв одоо ЕБС-ийн төгсөх ангийн сурагч бол 10,11,12-р ангийн сурлагын дүн болон 3 жилийн дундаж голч оноог, Их сургуулийн оюутан бол ЕБС-ийн голч онооноос гадна 1, 2-р курсийн сурлагын дүн болон голч дүнг бичсэн сургуулийн тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. Хэрвээ энэ улирлын дүн хараахан гарч амжаагүй бол, дүн нь гарсан улирал хүртэлх сурлагын дүнг бичүүлж авна.

 - Одоо Японд хувийн зардлаар сурч байгаа бол Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч болох уу?

- Болохгүй.

- ЕБС-аа хугацаанаас өмнө төгссөн хүн шалгалт өгч болох уу.

- Их сургуулийн үндсэн оюутан, техникийн коллеж, мэргэжлийн сургуульд шалгалт өгөх бол 1997 оны 4 сарын 2-ны өдрөөс 2005 оны 4 сарын 1-ний өдрийн хооронд төрсөн бол шалгалт өгөх эрхтэй.

- ЕБС төгсөөд Их сургууль болон Коллежид оролгүй өнжсөн хүн шалгалт өгөх боломжтой юу.

- Болохгүй. Зөвхөн ЕБС-ийн 12-р анги болон Их сургуулийн 1, 2-р курсийн оюутан өгөх боломжтой.

 - Шалгалтын агуулга хэр хүнд вэ. Жишээлбэл, Англи хэлний TOEFL, IELTS –ын хэдэн оноо авсан байх ёстой вэ.

- Өнгөрсөн жилүүдийн шалгалтын талаарх доорх линкээр үзнэ үү.

https://www.studyinjapan.go.jp/en/planning/scholarship/application/examination.html

Мөн тухайн жилийн шалгалтын босго оноо жил бүр өөр байдаг тул TOEFL зэрэг оноо нөлөөлдөггүй болно.

- Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын ярилцлагын шалгалтад тэнцсэн байтал 12 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн байхад яагаад тэнцээгүй гэсэн эцсийн хариу ирдэг юм бэ?

- Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн оюутныг тус Элчин сайдын яам Японы Боловсрол, Шинжлэх ухааны яамд нэр дэвшүүлдэг. Түүний дараа Японы Боловсрол, Шинжлэх ухааны яам дахин сонгон шалгаруулалт явуулж эцсийн хариуг гаргадаг.

Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлтийн шалгалт зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг ба дэлхийн бусад орнуудаас нэр дэвшүүлсэн нийт оюутнууд дундаас эцсийн байдлаар сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтад тэнцлээ гэдэг нь Японд суралцах боллоо гэсэн үг хараахан биш гэдгийг анхаарна уу.

Эх сурвалж: www.polit.mn