Манай “VIPerson”-ны энэ удаагийн зочноор ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн профессор, доктор (Ph.D) Мангалын Дэлгэрмааг урьсан юм. Энэ ажил хэрэгч эмэгтэйтэй миний бие 2016 онд Японы их, дээд сургуулиудад ШУТИС-ийн багш, оюутнуудтай хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх талаар судалж, ярилцаж явах үед нь дотно танилцаж билээ. 

       Түүний аливаа асуудалд том жижиг гэлгүй шаргуу, “детальч”-лан ханддаг нь миний анхаарлыг их татсан юм. Түүнээс хойш гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд профессор эмэгтэй маань ганцхан өөрийнхөө судалгааг нухаад л яваад байдаггүй, бусдыг дагуулдаг, уриалдаг-“чирдэг” хүн юм байна гэж эрхгүй бодогдох болсон юм. Яг л галт тэрэгний толгой шиг.

      Өндөр хөгжилтэй оронд шавь нараа сургаж мэргэжил мэдлэгийг нь тэлэх гэсэн эрмэлзлэлийг нь харж болно. Монгол судлаач нартайгаа баг болоод ажиллаад чамгүй ихийг бүтээнэ. Өндөр хөгжилтэй орны судлаач нартай хамтраад судалгааны үр дүнтэй ажлын төлөө уйгагүй явна.

Ийм л хүртээмжтэй, хүсэл тэмүүлэлтэй эрдэмтэнтэй шинэ хичээлийн жилийн эхэнд зорин очиж ярилцлага авлаа. Ганцхан жишээ дурьдахад, тэрбээр зуны амралтаа хөдөө гадаа нар салхинд биш, амралт сувилалын газар биш, Тохоку их сургуулийн лабораторит өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Бас ч үгүй намайг Япон чихэр амттанаар дайлан угтсан юм.

     

        -“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” гэж хэлсэн шиг Та ёстой нэг амралтаа хүртэл ажил хэрэг, эрдэм шинжилгээ болгочих юм аа. Эрдэм их өвөртөлж ирээ биз дээ.


      -Суусан ямраас явсан ямар нь дээр гэдэг билээ (инээв). Их юм мэдлээ, танилаа, судаллаа. Амралт яах вэ олдоно. Японы нэр хүндтэй сургуулийн лаборатори тэр болгон олдоод байхгүй шүү дээ.


      -Тохоку их сургууль чинь Японы эзэн хааны долоон их сургуулийн нэг гэдэг. Үнэхээр мундаг сургууль гэсэн. “Судалгаа, нээлт, практикт нэвтрүүлэх” гэсэн гурван зарчим дээр үйл ажиллагаагаа уялдуулж явуулдаг гэсэн. Энэ талаар ярихгүй юу?


         -Би өөрөө Тохоку их сургуулийн Материал судлалын хүрээлэнгийн Тэнцвэрт бус материал судлалын лабораторт ажиллаж байгаад ирсэн.Тус лабораторт зөвхөн мастер, доктор оюутнууд сургадаг ба зөвхөн судалгаа шинжилгэний ажил л гүйцэтгэдэг. Оюутнууд болон судлаачдын судалгааны ажил нь ердөө л шинэ технологи нэвтрүүлэх, шинэ материал үйлдвэрлэх чиглэлд анхаарсан ажлын үр дүнг эрдэм шинжилгээний өгүүллэгээр дүгнэдэг юм байна лээ. Тэнд профессор бол судалгаа хөгжүүлэх ажлаа л хийдэг.

      Бусад мөнгө санхүүжилт, судалгаа туршилтын материалыг нь улсаас нь даадаг юм байна. Олон улсын өндөр зэрэглэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн хэмжээгээр шагнал урамшуулал тэтгэлэг олгож байдаг. Тэр хэмжээгээр ажлын үр дүн нь ч гарч байдаг юм байна. Үйлдвэрлэгчид нь өөрийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг судалгаанд ашиглаж тус үйлдвэр, компанийн нэр хүндийг өргөсөн тохиолдолд шинэ тоног төхөөрөмжийг 50 хувь хүртэл хямд өртгөөр судалгааны лабораторид суурилуулж өгдөг, байнга хамтарч ажилладаг юм байна.

    Үнэхээр судалгааны их сургууль болох, техник технологийн хувьд дэлхийд өрсөлдөх хэмжээнд болох зорилт тавьж байгаа бол Монгол Улсад ч гэсэн тийм л менежментээр ажиллавал манай эрдэмтэд дэлхийн хэмжээний бүтээл хангалттай гаргаж чадах байх. 
 

       -Уншигчиддаа танилцуулах үүднээс ярилцлагынхаа эхэнд Та бидэнтэй нутаг ус, бага насныхаа дурсамжийг хуваалцана уу? Мэдээж чухал яриа, ажил мэргэжлийн чинь талаар голлож ярилцах болно. 


      -Би Увс аймгийн Сагил сумын гаралтай. Миний аав Сагил сумын Тэнзэн гэж анчин хүний 2 дахь хүү. Би өөрөө Тариалан сумын Хартарвагатай гэдэг газар төрсөн юм. Намайг 8 настай байхад ДарханУул аймагт ирж суурьшиж амьдарсан. Дарханы 10-н жилийн 1-р сургуулийг төгссөн. Бага насандаа ээж аавын эрх охин, аав маань хаашаа л явна дагаад явж байдаг, хүн үг хэлбэл уйлчихдаг хүүхэд байлаа. 1-р сургуульд Мангалын эрх охин гэдгээрээ алдартай байлаа. 


      -Оюутан цагийн дурсамж? Монголын металлургийн салбарын тэргүүлэх эрдэмтэн анх яагаад ийм хүнд салбарыг сонгон суралцах болсон юм бол? Тэр бүр эмэгтэй хүүхэд сонгон суралцан гэхэд гайхмаар ч юм шиг. Анх багш болж байсан түүхээс ч гэдэг юм уу? Сүүлийн үед ШУТИС руу шинэ оюутнууд их шуурах болж. 1990-ээд оноос гадаад хэл, хууль, эдийн засаг гэж шуураад байсан нь одоо гольдорлоо олж байх шиг. Би зөв ажиглаж уу?


 

   

           -Инженер гэдэг “ingenium” гэдэг латин үгнээс гаралтай франц үг. Уг үг нь бүтээгч, ур чадвар гэсэн утгатай юм гэнэ лээ. Тиймээс инженерийн сургууль руу тэмүүлээд байдаг нь монголчууд бүтээлч амьдрал руугаа хөл тавьж байх шиг байна. Энэ нь ч зөв. Миний хувьд ШУТИС-ийн Дарханы технологийн сургуулийг Металлургийн мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжлийг сонгосон нь уулын чулуу болон шороог хувирган ган болон бидний зүүдэг ээмэг бөгжийг хийдэг гэсэн үг үнэхээр сайхан байсан.

        Хүүхэд байхаасаа л шинэ зүйл хийнэ гэж химийн хичээлийг их сонирхдог байлаа. Тэр үед Дарханд төмөрлөгийн үйлдвэр анх байгуулагдаж байлаа. Манай ангийнхан хими, математик суурьтай хүүхэд орно гэнээ чи химидээ сайн юм чинь энэ мэргэжлээр орооч гэж ярьж байсан. Тэгээд л орсон доо. Математикийн хувьд бол багаасаа ганц сайн чаддаг зүйл минь байсан (инээв). Энэ сургуульд сурч байхдаа инженер хүн улсын хөгжилд, нийгмийн амьдралд амин чухал юм байна аа гэдгийг ойлгосон.

        Тэр тусмаа металлургийн мэргэжил бол аливаа улсын хөгжлийн гол тулгуур юм байна гэж ойлгосон. Иймээс өөрийн олж авсан мэдлэг, мэргэжлээ бусадтай хуваалцах юм сан, энэ агуу шинжлэх ухааныг өргөн таниулах юмсан гэж боддог байлаа, мөрөөддөг байлаа. Тиймээс сургуулиа төгсөөд багш болох гээд хоёр ч удаа шалгалт өгч үзсэн. Бид өөрсдөө багшаа дадлагажуулан бэлтгэж байгаа гэдэг хариу авдаг байлаа. Тэр цагт зах зээлийн тогтворгүй үе, ер нь хэцүү үе байсан.

      Техник технологийн асуудлыг мартах нь гэмээр айдас төрүүлсэн үе байсан шүү дээ. Иймээс л зорилгодоо хүрэх гэж докторын судалгааны ажил хийж, докторын зэрэг хамгаалах ёстой юм байна л гэсэн бодол тээж өөр ажилд орохыг хүсэхгүй судалгаа хийж, тэмүүлсээр байж зорилгодоо хүрч өөрийн мэргэжлээ бусдад таниулаад л явж байна даа. Тэр үед ШУТИС, Улаанбаатар их сургууль, Цахим их сургуулиудад цагийн багш хийгээд, өдөр нь хичээлээ заагаад шөнө судалгаагаа хийгээд суудаг байсан.

         Миний ихэнх туршилтууд Геологийн төв лаборатори дээр хийгдсэн. Тэндэхийн үндсэн ажилтан шиг л судалгаагаа хийгээд сууж байдаг байсан. Авсан цалингаа туршилт хийхийн тулд бүгдийг нь л Геологийн төв лаборторит тушаачихдаг байсан (инээв). Химийн шинжилгээ, эрдсийн шинжилгээ өөрөө их үнэтэй шүү дээ. Ганцхан төмрийн шинжилгээ л гэхэд тухайн үед 4700 төгрөг. Энэ чинь 1990-ээд оны дунд, сүүл үе. Хүмүүсийн цалин 15-20 мянга орчим л төгрөг байсан байх. Ганц бие байсан тулдаа л татлаа түтлээгүй болоод явдаг байлаа.

      Үхтэл үр харам гэгчээр ээж, аавын хүчин чармайлт, охиноо тойлох, тэтгэх хангамж сайтай байсан тулдаа л болж байсан даа. Одоогийн залуучуудад их л сонин санагдах байх. Гэхдээ хүн судалгааны амтанд орно гэдэг гоё шүү гэж л хэлмээр байна. Нэг зүйл судлаж байтал ахиад л нэг асуудал гараад ирдэг. Тэгэхээр ахиад энэ юу болов гээд л судлаад сууна даа. Судалгаа хийхэд үнэхээр сайхан байдаг.


 

Монголчууд бизнесийн гэнэн төсөөллөөсөө ангижирч шинжлэх ухаанчаар ханддаг болж байна

 

 

       -Судалгааны ажлаас хол хүн бол нэг сэдэв сонгож аваад л түүнийгээ өдөржин, шөнөжин нухаад л суугаад байх шалтгаан, учир утга нь юунд байдаг юм бол гэж бодож магадгүй л юм. Судалгааны ажлын сэдвээ анх сонгож авсан шалтгаан?
 

        -Би хүүхэд байхаасаа л шинэ материал, шинэ эм гаргаж авна гэж боддог хүүхэд байсан дээр ярьсан. Энэ бол гэр орон, орчин тойрны нөлөө байсан биз ээ. Металлургийн чиглэлээр суралцах хугацаанд шороо, чулуунаас металл, төмөр гаргаж авна гэдэг сонирхолтой санагдаж байсан. Монголд тухайн үед ганцхан төмөрлөгийн үйлдвэр байв. Тэр нь хаягдал төмөр хайлдаг. Өөрөөр хэлбэл бэлэн болсон зүйлийг дахин боловсруулдаг. Тухайн үед ганц үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаггүй байсан.

        Гол шалтгаан нь түүхий эдийн хомсдол. Бусад оронд шороо, чулуунаас металлаа, эд ангиа, материалаа гаргаж аваад байдаг. Манайд яагаад ийм юм хийдэггүй юм бол оо гэж бодно. Хөгжилтэй улс орнуудын хөгжлийн үндэс металлурги, химийн үйлдвэр байдаг гэдгийг мэддэг болчихсон оюутан байлаа. Ингээд үүнийг оролдоод үзье гэсэн бодолтой болсон. Тухайн үед Ц.Жадамбаа багштайгаа энэ тухай ярилцаад хийгээд үзье гэж шийдээд сэдэвээ сонгож авч байсан. 


          -Ц.Жадамба багшийн талаар?


       -Ц.Жадамбаа багш маань ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн профессор. Миний химийн процесс талын удирдагч. Багш маань энэ бол их ирээдүйтэй сэдэв, өнөөдөр төмөрлөгийн үйлдвэр маань хаягдал төмрийн нөөцгүй болсон байгаа. Иймээс анхдагч түүхийн эд ашиглах шаардлагатай, тэгэхээр бид яваандаа төмрийн хүдрээ ашиглахаас өөр арга байхгүй, энэ талаар судлах хэрэгтэй гэсэн. Тухайн үед Төмөрлөгтэй хамгийн ойрхон орд болох Төмөртэйн ордыг сонгож аваад судалгаагаа эхэлсэн. Үнхээр  сонирхолтой.

       Судалгааны явцад олон асуултууд бий болж байсан. Тэр бүхэнд хариулт хайж явсаар байгаад одоо энэ сэдэвтэй нэг мөсөн холбогдсон юм байна. Тэгэхдээ төмрийн хүдрээсээ мэдээж халиад ирнэ шүү дээ. (бахархалтай инээмсэглэв.) Хуучин бид төмрийн хүдэр дээрээ ажилладаг байсан. Дараа нь тэрийг судлаад байхаар шинэ төрлийн хайш, шинэ чанартай ган гээд үзэхээр чанаржуулагч элементүүд гараад ирж байгаа юм. Чанаржуулагч элементүүд гэхээр ганц төмөр биш болоод бусад метал хольцууд гараад ирдэг.

     Манган, вольфрам, титан гэх мэт. Тэгэхээр эдгээр ордуудыг судлахаар бүгд Монголд байна. Монгол орон бол асар баян орон. Бүхэл төрлийн үнэт ховор металууд бүгд Монголд байна. Тэгэхээр эдгээр чанаржуулагч элементүүдийг бүхэлд нь судлах хэрэгтэй. Эдгээр судалгааны чиглэл рүү орж байна. Мэдээж ганц судлаач энэ бүгд дээр ажиллаад амжихгүй нь ойлгомжтой. Тэр бүү хэл нэг элементийг нэг судлаач ч судлаад барагдахгүй. Тийм болохоор шавь нараа дагуулж судалгааны ажил хийдэг.

      Аль болох хүрэлцээтэй олон мэргэжилтэн, судлаач төрүүлэхийг зорьж байна. Өнөөдрийн байдлаар чи манган, чи вольфрам, чи титан, чи алт судал гээд л хувиралаад л зүтгүүлээд байна даа. Хамтарч ажиллаж, судалгааны үр дүнгээ боловсруулна. Ганц төмөр гэлтгүй эрдэс түүхийн эдээс метал бүтээгдэхүүн боловсруулах тал дээр ч аль болох далайцтай өргөн хүрээтэй ажиллахыг хичээж байна.


      -Маш сонирхолтой яриа болж байна. Шинээр атар газар эзэмшинэ гэдэг шиг л юм болж байгаа юм аа даа. Таны докторын судалгааны ажлын сэдвийн агуулгыг бүтэн юу гэж ойлговол зохих вэ?


      -Төмрийн хүдрээс шууд ангижруулсан төмөр гарган авах технологийн судалгаа Төмөртэй ордын жишээн дээр судлаж 2004 онд хамгаалсан.


        -Манай үйлдвэрлэгчдийн дунд гадны технологийг шууд нэвтрүүлэх, эсвэл тоног төхөөрөмжийг нь шууд суурилуулаад л үйлдвэрлэлийг хүчээр явуулах хандлагатай. Үндэсний шинжлэх ухаандаа хандах, өөрсдийн нөхцөл байдалд тохируулах гэсэн оролдлого аль зэрэг байдаг бол. Таны судалгааны салбарт үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс тань руу шууд хандаж, судалгааны ажлын үр дүнг хуваалцаж, хамтран ажиллах санал, санаачилга хэр гаргаж байна вэ?


       -Би төмөрлөгийн үйлдвэртэй байнга хамтран ажилладаг. Төмөрлөгийн үйлдвэр Герман улстай хамтран төмрийн хүдрийг ангижруулах технологи дээр судалгаа хийж байлаа. Энэ үед энэ ажил дээр нь хамтарч байсан. Ингэхгүй ч бол болохгүй. Гадны хүн ирж буцна. Явдал зардал чирэгдэлтэй л байдаг биз. Монгол судлаач орд газрынхаа хажууд л байна шүү дээ. Сүүлийн үед “Бэрэн” групптэй хамтран ажиллаж байна. “Бэрэн” групп Эрдэнэт хотод жилийн 200,000 тоннын хүчин чадалтай ган төмөрлөгийн үйлдвэр байгуулж байгаа. “Бэрэн” групп метал боловсруулах чиглэлээр салбартаа хүлээн зөвшөөрөгдөж байна.

       Монгол залуучууд тодорхой мөнгө санхүүжилт гаргаад баяжуулах, ангижруулах, доменд ширэм үйлдвэрлэх үйлдвэр байгуулсан нь үр дүнгээ өгч байгаа. Одоо хайлуулах үйлдвэрийн нээлтийг 10 дугаар сард багтаан хийх гээд байж байна. 100 хувь монголын санхүүжилттэй монгол залуучууд маань Эрдэнэт хотод том цогцолбор, том бүтээн байгуулалтыг хийж байгаа нь бидний нэг бахархал юм шүү. Хуучин бол нэг бол гадныхан, эсвэл ядаж л хамтарсан байдлаар ажиллаж байсан бол Монгол хүн толгой мэдэн, бие даан ажиллах салбар шинээр нэмэгдэж л байна. Эднийх ширмээ гаргаж авсан бол одоо хүчил төрөгчийн конвертерийн зуухны ган гаргах технологи дээр явж байна.

        Энэ бүх ажлын технологи дээр судлаач хүний хувьд “Бэрэн” групптэй хамтраад ажиллаж байна. Миний төмөр ангижруулах технологийн талаар хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, “paper”-ийг үзээд надад хандаж олон үйлдвэрийн хүмүүс ирж байсан. Ирээд технологийн талаар ярилцаад явж байгаад би таатай байдаг. Манайхан төмрийн хүдрийг маш олон чиглэлээр ашиглаж байна. Өмнө нь зөвхөн баяжуулаад экспортод гаргадаг байсан. Одоо харин хүмүүсийн сэтгэхүй өөр болоод эцсийн бүтээгдэхүүн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах хүсэл эрмэлзлэл ихтэй болсон байна. Энэ чинь л хөгжил шүү дээ. Энэ чинь л шинжлэх ухаан, техник. Нөгөө инженерийн бүтээлч ажил.

       Монголчууд маань шинжлэх ухаанд хандах хандлага их өөр болж байгааг би ажиглаж л байна. Тиймээс ч манай сургуульд элсэх оюутан залуусын эрмэлзэл их болж байна гэж хардаг. Надтай хэд хэдэн байгууллага, компаниас ирж уулзаж байсан. Уулзахдаа миний хэвлүүлж байсан илтгэлийг бариад ирдэг. Ийм судалгааны ажлыг чинь ийм сэтгүүлээс олж уншлаа. Энэ ямар учиртай юм бэ гээд. Нилээн нарийн мэдлэг, мэдээлэлтэй ханддаг болж. Энэ ордын хүдэр ийм юм уу, энэ нь яг ямар учиртай билээ гэдэг ч юм уу.

          Эсвэл ангижруулах технологи гэхээр яах уу, манайд аль нь дээр вэ гэх мэт. Тэгэхээр бидний хийж байгаа судалгаа үйлдвэрлэлийн бас нэг хөгжлийн суурь болоод л явж байх шиг байна. Хэрвээ ингэж чадвал Монгол Улс бүтээлч амьдрал руугаа орно гэсэн үг. Шинжлэх ухаанд нэг удаагийн тариур шиг хандаж болохгүй гэдгийг манайхан ойлгочихсон. 1990-ээд оны бизнесийн талаарх гэнэн төсөөллөөсөө ангижирч байна. Бүтээлч амьдрал явахаар шинжлэх ухаан заавал нэг номерын хань хамсаатан нь болно.


          -Судлаач хүний хувьд үүнийг мэдрээд ирэхээр их урам зоригтой болно биз?


       -Монголд сэтгэлгээний, шинийг бүтээх бүтээлч санааны уралдаан явж эхэлж байгаа нь маш олзуурхууштай хэрэг. Янз бүрийн хүмүүс ирнэ нь л дээ. Гэхдээ бүтээх гэсэн, шинийг бүтээх оновчтой санал дэвшүүлдэг. Цахилгаан станцын үнсэнд төмөр байна. Энэ төмрийг ялгаж авч болох уу гээд нэг бүтээлч сэтгэлгээтэй хүн намайг сураглаад ирж байх жишээтэй. Түүнийг тодорхой хэмжээний судалгааны ажил болгосон. Тухайн үед судлаад үзэхэд нэг тонн үнснээс 7 кг төмөр ялгаж авч байсан. Ийм юм болно гэж би ч бодоогүй. Үнс гэдэг чинь бидний хуучин ойлголтоор хог хаягдал шүү дээ. Гэтэл хогон дотроос олз олж болдог хорвоо болж.

          Дараа нь Шинжлэх ухаан, технологийн сангаас энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлж тэр төслийн хүрээнд нэг компани авч ажиллаж байсан. Бид үндсэн тендерийг нь авч чадаагүй ч хамтарч ажилласан. Хүмүүс ер нь дам дамаа төмрийн чиглэлээр судалгааны ажил хийдэг гэдгийг маань сонсоод, эрдэм шинжилгээний илтгэл paper хараад аяндаа ирж уулздаг юм. Хүмүүс ирээд сонирхоод, судалгааны ажлын талаар ярилцаад явахаар үнэхээр урам орно шүү дээ.

        Түрүү хэлсэн “Бэрэн” дээр ч гэсэн судалгааны ажлын үр дүн маань хэрэгжээд явж байна. Шууд ангижруулсан төмөр гаргаад, технологи дээр нь хамтарч ажлаад явж байна. Энэ судалааны ажлын үр дүнг үргэлжлүүлээд дараа дараагийн судлаачидсудалгааны ажил гүйцэтгэж докторын зэрэг хамгаалж байна. Манай судлаач О.Бэх-Очир гуай гэхэд энэ ажилд их хувь нэмрээ оруулж байна.


         -О.Бэх-Очир судлаачийг судалгааны ажлаа Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр гүйцэтгэсэн гэж бодож байсан. “Бэрэн”-гийн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн гаргах үйл явцтай уялдаж байна уу?


     -О.Бэх-Очир судлаачийн хамгаалсан сэдэв нь “Бэрэн”-гийн үйлдвэрийн ангижруулах үйлдвэрийн технологи шүү дээ. “Бэрэн”-гийн үйлдвэр баяжуулж, шууд ангижруулсан төмөр гаргана, ширэм үйлдвэрлэсэн. Одоо ган үйлдвэрлэх гээд явж байна. Уржигдархан захирал нь уулзлаа. Өөрсдийн гаргаж байгаа ган дээр тулгуурлаад АНУ-ын хөрөнгө оруулалттай машины эд ангийн үйлдвэр байгуулах талаар ярилцаж бодож байгаа гэнэ. Машины эд анги үйлдвэрлэдэг CNC машинууд, яг энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байна уу үгүй юу гэдэг асуултыг бидэнд тавьж байна.

        Машин үйлдвэрлэлийн технологийн инженерийг ШУТИС-ийн Механик тээврийн сургууль дээр 1983 оноос хойш бэлтгэж байгаа шүү дээ. Монголд орж ирж байгаа бүх CNC машинуудыг манай салбарынхан ёстой нэг “атгасан” байна. Хүсэлт гаргасан бүх хүнд зөвлөгөө өгч байна, бүх программыг нь хийж өгч байна, бүх тохируулгыг нь тохируулж байна. Ажиллуулж байгаа инженерүүд нь тэр чигтээ манай төгсөгчид байна.

      Энэ чиглэлээр хамтран ажиллахад үнэхээр асуудал байхгүй гэхэд “Мэргэжилтнээ гадаадад бэлтгэнэ” гэж бодоод явж байсан хүн баярлаж хүлээж авч байна. Металлургийн чиглэлээр ганцхан ШУТИС-д бэлтгэж байна. Манай мэргэжил бол хүмүүсийн боддог шиг шороотой, төмөртэй зууралддаг зүйл биш. Металлург бол физик, хими, механикийн салбарын холбоос дээр огтлолцдог нарийн шинжлэх ухаан. Маш сонирхолтой шинжлэх ухаан. Амтанд нь орвол салах арга байхгүй гээд онгироод хэлчихэд болно доо. Маш ирээдүйтэй. Би сая Японд байхдаа байн байн үүнийг л бодож явлаа.


 

Инженерийн сэтгэлгээгээр хандаж байна гэдэг хөгжлийн үндэс

 

      -Хөгжилтэй орнуудад инженер, техникийнхэндээ л илүү хүндэтгэлтэй ханддаг юм билээ. Манайд ч энэ үйл явц өрнөнө гэдэгт итгэж байна. “CNC” машин гэдгээ уншигч түмэнд жаахан тодруулж тайлбарлахгүй юу?


         -Одоо үйлдвэрлэл хөгжиж байна, хүмүүс технологи гэдэг бол чухал зүйл гэдгийг ойлгодог болсон. Тиймд ч манайд багш, судлаач, эрдэмтэн гэхээр үнэхээр хүндэтгэлтэй ханддаг шүү. CNC машин гэдэг нь тоон удирдлагатай машин гэсэн үг л дээ. Бид токарь, ферезер гэхээр сайн мэднэ. Токарьчин зогсоод тохируулгаа хийгээд гол зордог, өрөмддөг, резьва гаргадаг байсан. Одоо бол бүгд тоон удирдлагатай болсон. Бид зургаа гаргаад зургийн дагуу програмаа бичээд машинд өгөгдлөө оруулчихна. Тэгээд л болоо маш өндөр нарийвчлалтай бидний хүссэн загвартай зүйлийг боловсруулаад гаргаад ирж байна. Энэ машиныг CNC машин гээд байгаа юм. 


         -Таны ярианаас ШУТИС-ийн багш гэдэг чинь хичээл заагаад л самбарын урд зогсож байдаг хүн биш. Судалгаа хийдэг, үйлдвэрлэлд нэвтрүүлдэг, үйлдвэрлэлийн процессын асуудал шийдэлцдэг хүмүүс юм байна гэж мэдрэгдэж байна. Урдах асуудлаа шийдвэрлэхийн тулд ШУТИС руу хандах, асуудлын гарцыг шинжлэх ухааны үндэслэлтэй олох нь эдийн засгийн үр ашиг, эцсийн бүтээгдэхүүний чанар үр өгөөжийн хувьд ач холбогдолтой гэдгийг хүмүүс ойлгодог болжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Энэ зөв дүгнэлт үү?

 

        - 2006 онд би ШУТИС-ийн салбарын эрхлэгчийн ажил авч байсан. Тэр үед дөнгөж судалгааны ажлаа хамгаалаад 2 жил болж байсан. Залуухан ч багш байлаа. (инээв.) Энэ салбарыг хүлээж авахад дандаа ахмад багш нар байв. Би хамгийн жаахан нь байсан. Эхлээд асуудал авч ороод захиралдаа загнуулаад л гараад ирнэ. Гарч ирээд уйлна. Тэр үед би юу олж харсан бэ гэхээр манай лабораториуд ерөнхийдөө тоног төхөөрөмжийн хувьд доголдолтой, хуучирсан. Оюутнуудын хувьд амьдралын түвшин тааруу байна гэдгийг мэдэрсэн.

        Тэгэхээр нэг ч гэсэн оюутанд сургалтын төлбөрийг нь олоод өгье, нэг ч гэсэн төгсөгчөө ажилтай болгоё, нэг ч гэсэн лаборатори шинээр байгуулъя гэсэн бодол анх төрсөн. Ингээд үйлдвэрүүдтэй явж уулзана. Манай лабораторийг засаад өгөөч, манай нэг төгсөгчийг ажилд аваач, оюутан цалинжуулаад ажиллуулж болох уу ч гэдэг юм уу. Ингэж явж байгаад л үйлдвэрүүдтэй холбогдож эхэлсэн. Энэ чинь орчин үеийн ойлголтоор сүлжээтэй болж байна гэсэн үг шүү дээ. (инээв.) Эхлээд үйлдвэрүүд тэр бүр ойшоохгүй байдаг байв. Гэхдээ хүсэл эрмэлзлэлийг минь бодоод нэг лаборатори засаад өгчихнө.

       Нэг оюутны тэтгэлэг өгчих хэмжээний. Тэр болгон үйлдвэрлэгч бид нарт хандахгүй. Бид үйлдвэрүүд рүү гүйдэг байсан. Үйлдвэрүүд янз бүрийн асуудал гарахад гаднаас гадаад хүн урьдаг, гуйдаг байдалтай. 2008, 2009 оноос арай гайгүй өөрсдөө хандаж эхэлсэн. Ялангуяа 2011, 2012 оноос хойш ШУТИС-д хандах хандлага эрчимтэй өөр боллоо. Үйлдвэрлэгчид өөрсдөө хүсэлтээ гаргаад манай үйлдвэрийн ерөнхий байдалтай танилцаач, үйлдвэрлэлийн зөвлөгөө өгөөч гэж байна. Бид очиж үзээд шаардлагатай зөвлөгөөг нь өгч байна.

       Монгол эрдэмтэд, Монгол судлаачид, Монгол багш нар зардал хямд, толгойн дахь юмаа хайр найргүй хүнд хэлж өгнө, зааж өгнө. Үүнийг үйлдвэрлэгч нар маань ойлгож гаднаас хүн урьж авчрахаар маш өндөр төлбөртэй, хэлж заах нь хөлстэй, чанадын цаад юмаа хэлж өгөхгүй. Ингэхээр өөрийн юм өргүй гэхчээр үндэсний инженерүүдээ хөгжүүлэх нь алс хэтийн бодлого байгаа биз дээ. Тэр үед манайх хятад мэргэжилтнүүдийн эрхшээлд бүрэн автаж байв. Хятад инженерүүд ирнэ. Зөвхөн өөрт ноогдсон ажлаа л хийнэ.

      Монгол инженерийг дагалдуулаад ажиллана аа гэж байхгүй. Гадаад мэргэжилтэн нүүдлийн шувуу шиг л буцаад явна.Тэгээд яах юм?! Дараа нь Монголчууд өөрсдөө өнөө дутуу орхисон юмийг нь ажиллуулах гэхээр болохгүй. Тэгэхээр Монгол хүнтэйгээ ажиллах ёстой юм байна, монгол хүндээ зааж сургамаар юм байна, тэгвэл илүү үр дүнтэй юм байна гэдгийг үйлдвэрлэгч нар ойлгож эхэлсэн. Яг өнөөдрийн байдлаар “Шарын гол”-ын уурхайгаас бидэнд санал тавиад эхний ээлжинд очиж сургалт хийх, дараагийн ээлжинд технологи дээр ажиллах 3-5 жилийн гэрээ хийх талаар ярилцаж байна.

 
       -Тэгвэл салбарын яам, бодлогын бичиг баримт боловсруулдаг, төлөвлөгөө гаргадаг хүмүүс, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой “Монгол улсын хөгжлийн банк”-ны төлөөлөгчид салбарын эрдэмтний зөвлөгөө авах, санал солилцох тал дээр хир их ханддаг вэ? Салбарын эрдэмтний зөвлөгөө тэр хүмүүст хэрэг болж байна уу?


      -Хамтран ажиллана аа. Салбар яамтайгаа бол нягт холбоотой хамтарч ажиллана. Монгол Улсын Хөгжлийн банкнаас ирээд бидэнд ийм ийм төслүүд ирлээ. Ийм төсөл хэрэгжүүлэх гэж байна. Та нар төслүүд дээр хамтран ажиллаач, үзээд өгөөч гэнэ. Санал зөвлөгөө авдаг. Ган хайлуулах үйлдвэр том байвал дээр юм уу? Монголд 5 сая тонн хайлах үйлдвэр хэрэгтэй юм уу? Хэрэггүй юм уу? гээд их ирж уулзана. Хөгжлийн банк улс орны хөгжил дэвшилд хандсан олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг юм билээ.

      Хөгжил дэвшил авчрах тэр алс хэтээ харсан төслүүд нь дандаа техник, технологийн шийдэлтэй асуудлууд байдаг. Иймээс тэд зөв шийдвэр гаргахын тулд ШУТИС-ийн эрдэмтэн багш нарт хандаж байгаа нь туйлын зөв. Шинжлэх ухааны ул үндэсгүй, тооцоо судалгаагүй хичнээн төсөл хөтөлбөр манай улсын хөгжилд ямар их гай тарьсан билээ. Урд өмнийн зөндөө жишээ бий. 


        -Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр: “Хөгжлийн банк хөгжлийг хөтлөдөг байх учиртай” гэсэн байсныг би санаж байна.


       -Үнэхээр том том мега төслүүд дээр техник эдийн засгийн үнэлгээ гэдэг юм маш чухал. Хөгжлийг хөтлөхийн тулд шинжлэх ухаантай өвөр түрийдээ орж байж төсөл хөтөлбөр зөв явна. Ган бөмбөлөг хийхэд л Хөгжлийн банк санхүүжүүлнэ. Энэ бөмбөлгөө гаднаас авахгүй байна гэдэг өнөө импортыг орлуулна гэсэн үг. Валют хэмнэнэ гэсэн үг. Иймд энэ банк инженерийн сэтгэлгээнд хандаж байна гэдэг хөгжлийг хөтлөхийн үндэс. Ингэхээр металлургийн салбарт Хөгжлийн банк хэд хэдэн төсөл хөтөлбөрийг дэмжиж ажиллаж байгаа.

      Энэ бол улс орон маань хөгжихийн цондон. Машины эд анги хүртэл хийж эхэлбэл маш том алхам. Чех улс гэхэд механик инженерийн салбар сайн хөгжсөн. Дэлхийн бүх машин энэ улсад үйлдвэрлэсэн деталь байдаг гэж байгаа шүү дээ. Бид ч ядаж 1 сая тонн хайлдаг гангийн үйлдвэртэй болчих юм бол ийм ажлын эхлэл рүү дөхөж байна гэсэн үг.


       -Энэ бас таатай сайхан мэдээ байна шүү. 2016 онд бид Японы их, дээд сургуулиуд дээр профессор багш нартай уулзалдаад явж байхад “Энэ эмэгтэй бол ганцхан өөрийнхөө судалгааг нухаад л яваад байдаг хүн биш юм байна. Бусдыг дагуулдаг, “чирдэг” хүн юм байна гэж” бодож байлаа. Өндөр хөгжилтэй оронд шавь нараа сургах гэсэн, Монгол судлаач нартайгаа баг болоод ажиллах гэсэн, өндөр хөгжилтэй орны судлаач нартай хамтраад судалгааны ажлын үр дүн гаргачих юмсан гэсэн тийм хүсэл тэмүүлэл таниас харагдаж байсан. Металлургийн салбарт хамтарч ажиллаж байгаа металлургийн салбарын ноён нуруу болсон ямар ямар эрдэмтэд байна?


           -Монголд металлургийн чиглэлээр надтай хамтарч ажиллаж байгаа хүмүүс бол миний багш нар. Анх төмөрлөгийн үйлдвэрийг байгуулж байсан инженерүүд юм. Төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Г.Цэрэннадмид, “Монголросцветмет” ХХК-ний Бор өндөрийн уурхайн инженер Ш.Лхагвадорж, инженер С.Батсайхан, Металлургийн холбооны ерөнхийлөгч Дархан гео МАШ ХХК-н зөвлөх Ц.Мөнхжаргал, Эрдэнэт үйлдвэрийн инженер, доктор О.Бэх-Очир, миний багш Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Батцэнгэл, Төмөрлөгийн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал байсан зөвлөх инженер, доктор М.Баттөгс, манай ШУТИС-ийн ГУУС-ийн профессор, доктор Д.Энхбат, Б.Алтантуяа, Д.Оюунцэцэг багш нар мөн материал судлалын чиглэлээр доктор хамгаалсан, Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор Г.Саран гэх мэт хүмүүс байна.

       Ерөнхийдөө металлургийн хичээл анх зааж байсан инженер, багш нартайгаа байнга хамтран ажиллаж байна даа. Үйлдвэрээс судалгааны ажлын санал ирэхэд салбарынхаа багш нартай, сургуулийнхаа багш нартай баг бүрдүүлээд ажиллаж байна. Заримдаа электроник, цахилгаан, автомажуулалтын асуудлуудыг хүртэл яриад ирэх тохиолдол бий.

      Тэр үед тухайн мэргэжлийн багш нар руу хандуулна шүү дээ. Ингээд гурвалсан дөрвөлсөн холбоо үүсч байж бүтээлч ажил маань үнэн зөв явна. Ийм нэг ажил байна, найдвартай судлаач олж өгөөч гэдэг. ШУТИС-ийн эрдэмтэн багш нар чинь харин ч нэг найдвартай шүү дээ. Судалгааны ажил гүйцэтгүүлсэн хүн маань дараа нь таараад “тэр ажил маш сайн болсон, дахиж судалгааны ажил хийлгэмээр байна” гэдэг л юм.

 

 

       -Олон улсын хамтран ажилладаг судлаачдын хувьд ямар дэвшилтэт алхмууд байна? Одоо чинь эрдэм шинжилгээ, судалгааны ажил чинь хамгийн их даяаршсан ажил болоод байгаа юм биш үү?


       -Миний хамгийн анхны хамтран ажиллаж байсан судлаач гэвэл ОХУ-ын Бранаулын Технологийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбарын профессор Алексей Гуреевич, Буриадын Дорнод Сибирийн Удирдлага Технологийн их сургуулийн профессор, доктор Буриял Легдинович нар юм. Тэдэнд эрдмийн зэргээ хамгаалах гэж байхдаа хураангуйгаа явуулаад, шүүмж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байлаа. Тэд хүсэлтийг маань уриалгахан хүлээн авсанд талархаж явдаг. Хятадын Бухан болон Бээжингийн их сургуулийн багш нартай хамтран ажиллаж байна. Японы их дээд сургуулийн багш нар байна.


        Анх Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны шугамаар Японы Ниигата мужийн Монголын өргөмжлөлт консул болон томоохон үйлдвэрүүдийн захирал, инженер, Ниигатагийн технологийн их сургуулийн профессор багш нартай танилцаж холбоо тогтоож байсан. Манай ШУТИС, Ниигатагийн технологийн их сургуулийн 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичиг хийгдэж байсан. Тэр ажил нэлээд үр дүнтэй хэрэгжээд одоогийн байдлаар 10 хүүхэд суралцаж төгсөөд байна. Дараа нь ШУТИС “1000 инженер” төсөл хэрэгжүүлээд Японы Тохоку их сургуультай хамтран ажиллаж байна. Энэ сургууль материал судлал, металлургийн чиглэлээр Япондоо нэг номерт ордог сургууль.


       -Японд нэгд ордог байж. Тэгвэл Дэлхийд хэдэд орох вэ?


       -Дэлхийд гуравт ордог том сургууль байгаа. Энэ чиглэлээр алдартай, улсаасаа бүх санхүүжилт авна. Чи түрүүн хэлсэн Эзэн хааны долоон их сургуулийн нэг гэж. Тэр үнэн. 111 жилийн түүхтэй сургууль шүү дээ. Токиогийн болон Киотогийн Их сургуулиудын дараа гуравдугаарт байгуулагдсан Их сургууль.
 

Дотоод, гадаад хэвлүүлсэн 60-аад эрдэм шинжилгээний өгүүлэл байгаа

 

 

      -Манай улсын хувьд шинжлэх ухааныг тэргүүлэх чиглэл гээд л заадаг. Гэтэл улсаас, холбогдох яамдаас ч тэр яг онцлоод санхүүжилт гаргаад өгдөг юм байхгүй. Судалгааны чиглэлийн ард зогсож байгаа нь их сургууль, хүмүүс л өөрсдөө зохицуулаад авч явах шаардлагатай болдог. Энэ талаар таны бодол?


     -Бидэнд өнөөдөр профессор гээд сайхан нэр л байна. Бид сургалт, судалгаа, санхүүжилт гээд оролцохгүй сэдэв алга. Олон улсын жишгээр судлаач хүн судалгааны үр дүнгээр paper хэвлүүлэх, шинэ материал гаргаж авах гэсэн маш энгийн, ойлгомжтой бөгөөд тодорхой даалгавартай. Гэтэл Монгол эрдэмтэн судлаачид бол хаанаас мөнгө олж жаахан туршилт хийх вэ гэж байнга толгойгоо гашилгаж явдаг. Олсон багахан мөнгөө яаж үр дүн гаргах уу, хэнд ямар төхөөрөмж байна, чи энэ багажаа хэрэглүүлээч, чамд тийм материал байгаа гэсэн өгөөч гээд л гуйлга гуйж, мөнгө хайж явж байж жаахан судалгаа хийдэг.

     Тэрнийгээ олон улсын өндөр зэрэглэлтэй сэтгүүлд хэвлүүлэх гэхээр багажны стандарт хангагдахгүй байна гэх мэтчилэн буцдаг. Арай чүү судалгааны ажилд оролцуулж бэлтгэсэн судлаачаа мөнгөгүй бөгөөд судалгааны ажилтны орон тоогүй болохоор аргагүйн эрхэнд өөр үйлдвэр, компанид ажилд оруулдаг. Өөрийн гэсэн тогтмол ажиллах судалгааны баг байхгүй. Хичээл заана, санхүүч хийнэ, судлаач хийнэ, засварчин болно гэх мэт л олон ажил хийж байдаг болохоор бидний мөрөөдөл хүсэл тэр болгон үр дүнтэй болж чадахгүй л байна. Гэхдээ яах вэ болгоод л байна.


      -Сүүлийн жилүүдэд манай улсын шинжлэх ухаан, боловсролын салбарт олон улсын импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд их ач холбогдол өгч байгаа. Таны сүүлийн үед хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг сонирхсон юм?


       -Дотоод, гадаад хэвлүүлсэн 60-аад эрдэм шинжилгээний өгүүлэл байгаа. Мэдээж нэг, хоёрдугаар зохиогч гээд хамтарсан ЭШӨ-үүд байна. Хамгийн сүүлд Японд судалгаа хийгээд ирсэн, болон суралцаж байгаа шавьтайгаа хамтраад ЭШӨ бичээд хэвлэлтэд өгөөд байна.


      -Таны гарын шавийн тоо одоо хэд болж байна. Таныг бас шавь нартайгаа өнө мөнхийн холбоотой байдаг гэж сонссон?


       -Хичээл заахаас гадна, оюутнуудыг судалгаанд татаж оруулахыг хичээдэг. Оюутнуудтай туршилт хийж лабораторт хамтарч их ажиллана. Оюутанд судалгаа хийх хүсэл төрүүлэхийг хичээдэг. Анх лабортарийн лаборантаар ажиллаж байхдаа оюутан удирдаж судалгааны ажил хийж байсан. Тэр маань одоо доктор хамгаалчихсан манай сургуульд техникийн механикийн багшаар ажиллаж байна. Удирдагч, шавь 2-лаа Дэлгэрмаа нэртэй байсан. Хоёр Дэлгэрмаа гээд дуудагдаж байлаа. Яг төд өд гэж тоо хэлэх хэцүү. Гарын шавь нар нэлээд байгаа.

         Миний шавь Л.Тэлмэнбаяр 2017 онд 27 насандаа докторын зэрэг хамгаалсан. Одоо манай сургуульд салбартаа дэд профессороор ажиллаж байна. Энэ хүүхдийг оюутан байхаас нь гуравдугаар курсээс нь эхлэж бэлтгэсэн. Миний бахархаж явдаг шавь нарын маань нэг. Цахиур хагалах л шавь минь гэж бодож явдаг даа. Мөн Эрдэнэт үйлдвэрт А.Пүрэвдорж, Бэрэн групп-д инженер Л.Бямбадорж, Даланзадгадын дулааны цахилгаан станцын хайлах цехийн инженер Нандинжаргал гэх мэт олон шавь байгаа. Хамгийн отгон шавь Энхтунгалагийг сая Японы Нагояа мужид эд анги үйлдвэрлэдэг үйлдвэрт ажилд оруулахаар болоод визаны асуудал хөөцөлдөж эхлээд байж байна.


       -Ийм их эхлэл төгсгөлгүй ажилтай ажил хэрэгч эмэгтэйн гэр бүлийн хүн хүчтэй ар тал байдаг байх.Та бидэнд гэр бүлээ танилцуулана уу?

         

-Ам бүл дөрвүүлээ. Хүү, охин хоёртой. Нөхөр маань бас ШУТИС-д багшилдаг. Доктор, профессор, судлаач хүн байгаа. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг бид эрдмийн мөр хөөсөн судлаач хүмүүс учраас бие биенээ сайн нөхдөг, ажил амьдралынхаа зовлон жаргалыг сайн ойлгодог. Энэ бол маш том олз. Геологийн лабораторид суусаар байгаад хожуу гэрлэсэн гэж хэлж болно (инээв). Тэр үед талийгаач профессор Ж.Гомбосүрэн багш маань миний судалгааны ажлын метал талын удирдагч байсан. Багш маань ШУТИС-ийн хуучин нэрээр Механик инженерийн сургуулийн Металын салбарын эрхлэгчээр ажилладаг байлаа. “Герман Гооёо” гээд алдартай.

       Германд доктор хамгаалж ирсэн. Багш маань миний докторын ажлыг удирдаж байхдаа судалгааны ажлыг минь уншина. Ямар нэг эргэлзээтэй өгүүлбэр уншвал дугуйлна аа. Тэгээд: “Чи юу бодоод байна. Хамгаалтлаа эр хүний талаар бодож болохгүй шүү” гэж сануулж загнадаг байсан даа. Тэгээд “Би залуу хүн биш, салбар эзгүйрэх гээд байна, чи хурдан хамгаал!” гэж шахсаар байгаад хамгаалуулсан даа. Жинхэнэ эрдэмтэн хүн гэдэг Бурханы оронд очихоо хүртэл эрдмийн ажилтайгаа холбож бодож явдаг юм байна билээ.

      Намайг хамгаалснаас хойш хоёр жилийн дараа багш минь ажлаа надад өвлүүлэн өгсөн дөө. 2014 онд хүүхдүүд маань сургуульд ороод салбарын эрхлэгчийн ажлаа би өгсөн. Үр хүүхдийнхээ төлөө бас санаа тавих хэрэгтэй юм байна гэж бодсон хэрэг. Одоо бол профессорын орон тоон дээр ажиллаж байгаа болохоор судалгаандаа гол анхаарлаа хандуулаад, ээжийн ажлаа бас давхар хийгээд явж байна.


-Цаг гаргаж ярилцсан таньд баярлалаа. Таньд шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе. Мөн судалгааны ажилд нь амжилт хүсье.


-Таньд бас амжилт хүсье. Баярлалаа.