Бид олон шинжлэх ухааны зааг, солбилцол дээр СУДАЛГАА ХИЙДЭГ

 

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн захирал шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймааг “Элсэлтийн зочин”-ы хойморт урьлаа. Тус сургууль докторын, магистрын, оройн дээд боловсрол олгох сургалтыг дагнан явуулдаг судалгааны их сургууль юм. Монгол Улсдаа анхны бөгөөд ганцхан, дэлхийд цөөхөн байдаг төгсөлтийн дараах судалгааны их сургуулиудын нэг билээ.


    - Хичээл эхлэхэд 20-иод хоног дутуу байгаа ч та бүхэн өнөөдөр зав чөлөө багатайхан л ажиллаж байх шиг. Эрдмийн их сургуулиар ойрын өдрүүдэд ямар үйл явдлууд өрнөж байна вэ?


    - Яг өнөөдрийн хувьд Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар манай сургууль дээр ирлээ. Тэрээр монголын хүүхэд залуусыг зуучлалын хөлсгүй, ар өврийн хаалгагүйгээр, мэдлэг чадвартайг нь шалгаруулан тэтгэлэгт хамруулдаг “I Study” олон улсын ТББ-ын үйл ажиллагаанд оролцож суралцах эрхийг оюутнуудад гардуулж өглөө. Манай сургууль ч өнөөдөр Хятадын 300 гаруй их дээд сургуулийг нэгтгэсэн холбоонд элссэний баталгаа гэрчилгээг гардан авлаа. Энэхүү “I Study” төв нь  олон улсад 120  гаруй улсад 2000  гаруй төлөөлөгчийн газартай байгууллага  юм байна. Тус байгууллага гадаадын улс орнуудад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудын гүүр болон ажиллахаар зорьж байгаа юм байна. Саяхан энэ байгууллага 35 монгол залуусыг Америкт тэтгэлгээр суралцуулахаар явуулсан бол өнөөдөр /2018.08.10/ 39 оюутанд Хятадын их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлгийн гэрчилгээг гардуулан өгсөн сайхан үйл явдал боллоо. Бид одоохондоо хичээлийн жилийн элсэлттэй холбоотой ажилдаа анхаарч  байна даа. 

 

 

     - Эрдмийн их сургууль хэдэн онд байгуулагдлаа?


    - 2004 онд ХИС-ийн бүрэлдэхүүнд зөвхөн магистр, докторын сургалтыг дагнан  явуулдаг Эрдмийн сургууль байгуулагдаж, 2016 оноос Монгол Улсын Эрдмийн сургууль  нэртэй болсон. МУЭИС нь Монгол Улсын судалгааны анхны их сургуулийн статустай  байгууллага юм. Бид өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дээд боловсролтой хүмүүсийг хөрвөх чадвартай боловсон хүчин болоход үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ. Өнөөдөр хүн байнга суралцахгүй бол хоцрогдоно. 

 


     - Эрдмийн их сургууль судалгаанд суурилсан сургалт явуулдаг.  Судалгаанд суурилсан сургалт явуулах, магистр, докторын сургалтаар дагнахын ач холбогдол, үр дүнг дипломын тоогоор үнэлэх нь мэдээж өрөөсгөл. Тэгэхээр энэ сургуулийн хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнг та хэрхэн харж байгаа вэ?


      - Бид мэдлэгийн зуунд амьдарч байна. Хүн төрөлхтөний өмнө зайлшгүй шийдвэрлэх олон асуудлууд гарч байна. Дэлхий их эмзэг болж байна. Энэхүү тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ганц зам бол мэдлэг.  Шинэ мэдлэг үйлдвэрлэдэг гол газар нь их сургуулиуд. Нийгмийн амьдралыг хөдөлгөгч гол хүчин нь их сургууль болоод байгаам. Гагцхүү тэнд л асуудлыг шийдэх хүч байх учиртай. 

     Бид гадаад хэлний арвин туршлага, өөрийн давуу талаа ашиглан, орчин үеийн судалгаа хийдэг. Орчин үеийн судалгаа хийхэд яах аргагүй л гадаад хэлнээс, түүгээр дамжуулан тэр ард түмний мэдлэгийн савнаас л авч таарнаа даа. Хүн төрөлхтөний олон жил бий болгосон мэдлэгээс авч хэрэглэх, өөрсдөө шинэ мэдлэгийг бий болгож, шинжлэх ухааны эргэлтэд оруулж улмаар нийгмийн амьдралын чанарыг дээшлүүлэх нь бидний гол зорилго. 

 


   

Манай сургууль эрдэмтэн докторуудыг орчин үеийн шинэлэг чиглэлээр судалгаа хийлгэхэд онцгой анхаардаг. Түүний үр дүнд шинжлэх ухааны анхдагчид, манлайлагчид олон гарч байгаад бид үнэхээр баяртай байдаг юм. Тэд нийгмийг зөв тийш нь залах гол хүч болно гэдэгт огт эргэлзэхгүй байна. 


     Магистрант, докторантууддаа хандаж: “Та нар бол оюуны лидерүүд” гэж би хэлдэг юм. Маш хүнд хөтөлбөрүүдийг шахуу цагаар үзээд, ажлын хажуугаар судалгаа хийнэ гэдэг амар биш л дээ. Англи хэлтэй болохоор манай төгсөгчид дэлхийн хаана ч ажиллаж амьдрах боломжтой гээд бодохоор, диплом бүрийн цаана гүн гүнзгий мэдлэг байгаа биз. 


     Судалгааны их сургуулиуд чиг үүргэндээ нийцсэн глобал шинжтэй байдаг. Иймд бид гадаадын нэр хүнд бүхий их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна. 

 

 

Орчин үеийн судалгааны нэг ҮЕ ТАСАРЧ БАЙНА

 

      - Шинэ залуу үеийг бэлтгэх эрдэмтэн судлаачдын хүрэлцээ Монгол Улсын хэмжээнд ямар байгаа вэ?


    - Хангалтгүй гэж би хэлнэ. Орчин үеийн судалгаа бага хийгдэж байна. Энэ талд төрийн бодлого, дэмжлэг ихээхэн дутагдалтай байна.


    - Яагаад тэр вэ?

    - ОХУ саяхан дээд боловсролыг шинжлэх ухаантайгаа нийцүүлэн “Дээд боловсрол шинжлэх ухааны яам болголоо. Аливаа улс орон хөгжье л гэвэл шинжлэх ухаан, дээд боловсролоо онцгой анхаардаг. Учир нь тэнд л улс гүрнийг хэрхэн авч явах арга зам, гарц шийдэл боловсруулагддаг л байхгүй юу. Гэтэл манайд эсрэгээрээ. 


    Төр засаг, бодлогын яам мэргэжлийн бус, алс ирээдүйг харсан бодлого гаргаж, хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай.


    -“Эрдмийн их сургууль” өнөөдөр ямар, ямар чиглэлээр сургалт явуулж байна вэ?


     - Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлүүдээр Гадаад хэл шинжлэл, боловсролын удирдлага, олон улс судлал, бизнесийн удирдлага, эрхзүй гэх мэт арван чиглэлийн докторын, магистрын сургалтаа 17 чиглэлээр явуулж байна. Өнөөдрийн нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа мэргэжилтнүүдийг бид бэлдэж байгаа. Дээд боловсролтой хүмүүст зориулсан англи хэлний сургалтаар олон жил дагнан өндөр түвшинд хүрч байх хэрэгтэй. Танай сургууль “Гадаад багштай юу?” гэж хүмүүс их асуудаг л даа.  Монгол хүнд, монгол хүн л гадаад хэлийг хамгийн сайн заана  шүү дээ.  


    Ярианы хэлийг англи, америк багш заадаг. Гадаад хэлийг монгол хүнд зориулан богино хугацаанд заах үндэсний технологийг бид 2004 оноос туршсан. Тэр сургалт маань өнөөдрийг хүртэл амжилттай явж байна. Төгсөгчдийн карьер, боловсрол эзэмшсэнээр их өсч байгаа нь судалгаагаар харагдаж байгаа.

 

    - Гадны улс орноос ирж докторын зэрэг хамгаалж байгаа хүмүүс ямар төрлийн судалгаа хийж байна вэ?


    -Доктор, магистрын сургалтад гадаадын иргэд нэлээд суралцдаг. Бид тэдэнд англи хэл дээр сургалт авах буюу судалгаагаа хийхийг зөвшөөрдөг. Тэд судалгаа хийх боломж нилээд ихтэй байдаг. Тухайлбал Английн Бритиш төвийн мэргэжилтэн англи хэлний бодлогоор диссертац бичихдээ өөрийн байгууллагаас ихээхэн материал татсан, тэр болгон олж авах боломжгүй, саяхан Хөх хотын багш Өвөрмонголчууд Тунляоны монгол хэл, мөхөж байгааг, хэрхэн хамгаалах талаар судалж хамгаалсан жишээтэй. Мөн Туркууд монгол хүнд зориулсан физик, математикийн шинэ заах аргыг боловсрууллаа. Хятадын Күнзийн институтын багш эмэгтэй, эртний хятад хэл, монгол хэлний өгүүлбэрийн бүтэц адилхан байсан хэмээн үзэж байна. соёл, нийгмийн шинжлэх ухааны асуудлыг сонирхон төрөл, төрлийн судалгаа хийж байна.


    - Докторуудын төлбөр дунджаар хэд байна вэ?

   - Монгол хүний хувьд 2 – 3 сая орчим байгаа. Үндсэндээ ашиггүй сургалт явуулдаг. Багшид нь өндөр цалин өгч байж оюутнаа сайн сургана. Бид дуртайдаа л энэ ажлыг хийж байна даа. Эхлээд хүнд юм өгье. Эргээд өөрт  их зүйл ирнэ гэж бодох юм даа. 

 

 

    -Монголчууд боловсролын салбараа хөгжүүлэхэд ямар, ямар талаараа дутагдалтай байна гэж та хардаг вэ? 


    -Бид энэ талаар судалж үзсэн л дээ. Монгол Улсад, дэлхийн хэмжээнд өрсөлдөх сургуулийг байгуулж болно. Бидэнд дутах зүйл байхгүй. Харин төр засгийн дэмжлэг л  хэрэгтэй байна.  “Graduate University” буюу доктор, магистрын сургалтыг дагнан эрхлэх нь их хүнд, тиймээс ч олон байдаггүй. Байгаа хэдийгээ төрөөс нь тусгайлан дэмждэг, академик эрх чөлөөг олгодог. Манайд бол ийм сургууль үүссэн нь монголын боловсролын зөв алхамын нэг илрэл гэж боддог. Жаахан дэмжээд өгвөл, манай төгсөгчид олон улсад өрсөлдөх боломжтой. Гадаад хэлний магистрын хөтөлбөрөөрөө дэлхийд өрсөлдвөл, бид эхний 100-д багтана гэж би боддог. Гадаад хэлээр маш сайн бэлддэг учраас, Орос, Хятад, Япон хэлээр бид дэлхийд өрсөлдөнө.  Манайхан англи хэл сурахаар, юм л бол Малайз, Сингапур явдагаа болимоор байгаа юм. Зарим нь будилж явсаар, Японд шашны сургуульд очих жишээтэй. Угтаа бид өөрсдийгөө жаахан тоомоор байна.

 

 

    Эрдмийн  их сургууль энэ жилийг ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ жил болгон зарлана

 


     - Эрдмийн их сургууль дээр ямар сонин содон хөтөлбөрүүд хэрэгжиж байна вэ?


     - Америкийн 100 гаруй жилийн түүхтэй үндэсний их сургуультай манай сургууль бизнесийн чиглэлээр, хамтарсан хөтөлбөр хийж байна. Америкийн их, дээд сургуулиудтай хөтөлбөрийн солилцоо хийх хүсэлтийг би олон жилийн өмнөөс тавьдаг байсан. Манайхаас 10-20 дахин их төлбөртэй учраас, дүйцүүлэхэд их хүнд байдаг. Тиймээс бид жилд 14 кредит үзэх ёстой бол найман кредитийг нь америкт, зургаан кредитийг бид заахаар төлөвлөсөн. Монголдоо 2000 ам.доллар төллөө гэхэд, Америкт 12-13 мянган ам.доллар төлөхөөр Америкийн үндэсний их сургуулийн магистрийн зэрэг авна. Зарим тохиолдолд Америкийн виз гарахгүй байгаа нь бидний ажилд нөлөөлж байна. Энэ тохиолдолд онлайнаар хичээл авч сургуулиа төгсөх хувилбар байгаа.  


     Мөн манай сургууль Хөх хотод төлөөлөгчийн газраа нээсэн. Японы олон улсын сургуультай хамтын ажиллагаатай болсон гээд гадаад харилцаа маань нэлээн өргөжиж байна.Олон улсын төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Тиймээс бид энэ жилийг олон улсын харилцааны жил болгон зарлаж, монгол хүмүүст  боломж өгөхөөр  зорьж байна. 

 

     - Дэлхий ертөнц өнөөдөр мэдлэгээрээ өрсөлдөж байгаа. Мэдлэгийн зуунд  Монгол Улс ямар байх  ёстой вэ. Яагаад хөгжихгүй байна гэж та боддог вэ?

      - Мэдлэг боловсролтой, чадвартай хүн зохих түвшинд  байхгүй байна л даа. Бусад улс оронд хөгжил нь боловсрол, шинжлэх ухаантай холбоотой байхад, манай улс байшин, барилга, зам гүүр гэх мэт өдөр тутмын асуудалдаа илүү анхаарч байна. 


     Хөгжихийн тулд “2050 он гэхэд Монгол Улс хаана байх вэ?”, “Хэдэн хүнтэй, ямар улс байх вэ?”, “Аль чиглэлээрээ бид тэргүүлж хөгжих вэ?, “Түүнд хүрэхийн тулд бид хэнийг  хэрхэн бэлдэх вэ” гэх зэрэг чухал асуудлууд хөндөгдөнө. Хамгийн чухал нь энэ. Гэтэл өнөөдөр шинжлэх ухаан, дээд боловсролын салбар монголд урсгал нь тасарчихсан голтой адилхан байна. 

 

 

     -Их сургууль гэдэг аливаа төр, улсын шинжлэх ухааны бодлогын үндсийг боловсруулж байдаг том аппарат байх ёстой?


     -Тийм. Эрдэмтэд нь нэгдээд, гадаад дотоодын түүх болон ирээдүйг судлаад, “Манай улс зах зээлээ ингэж босгоно. Хүнээ ингэж өрсөлдүүлнэ гэдгээ ярилцдаг байх ёстой. Угтаа бол Монгол хүн дэлхийд бид юугаараа гайхагдаж хөгжиж болохыг жинхэнэ судалж гаргаж өгдөг уурхай нь Их сургууль юм. Шинжлэх ухаан төвтэй, шинэ мэдлэгийг өдөр болгон маш хурдтайгаар үйлдвэрлэж байдаг газар. Оюуны маш том үйлдвэр юм.

 


      - Манай улс баахан бакалаврын коллежтой болоод, хэн дуртайг нь сургаж, болсон болоогүй төгсгөж байна. Тэгэхээр улс төрийн намууд хаанаас мэдлэг, мэдээлэл авах вэ гэсэн асуулт гарч ирнэ? 


     - Намын аппарат нь боловсролгүй учраас тэр хэмжээгээрээ улс орныг минь авч явж байна. Бүр учраа олохоо байсан. “Төр, засаг нь ямар бүтэцтэй байхаа ч ойлгоогүй, толгойгоо гашилгацгааж байна. Угтаа бол эрдэмтэд түүнийг нь тогтоосон байх учиртай. 
    Харин бусад улс оронд их, дээд сургуулиуддаа дэмжлэг үзүүлж, эрдэмтэн судлаачдаа бэлтгэх, тэднийгээ тэтгэлгээр хангах тал дээр онцгой анхаарал тавьдаг. 

 

    - Хятадууд Күнзийн сургаалиа даган мөрдөж, 5-10 жилийн  дараа хаана хүрэхээ тодорхойлсон байна. Америкууд “Америк мөрөөдөл”-тэй хэдэн жилийн  дараа хаана хүрсэн байхаа мэддэг. Харин Монгол Улсад үүн шиг, “National Idendity” буюу даган мөрдөх бодлого, үзэл суртал байхгүй байх шиг санагддаг. Та үүнтэй  санал нийлэх үү?


    - Нийлнэ. Тусгаар тогтносон ямарч улс, нэгдсэн цогц бодлоготой байх ёстой. Бидэнд өнөөдөр чиг баримжаа, байхгүйгээс нийгэмд бүх төрлийн талцал маш хүчтэй өрнөж байна. Аль нь үнэн, аль нь худал юм гэдгээ ч мэдэхгүй. Хаашаа явж, хэнийгээ хүлээн зөвшөөрөхөө ч ойлгохгүй. 

     Ийм учраас л оюуны чадалтай улс төрийн лидер Монгол Улсад шаардлагатай байгаа юм. Хаяанд байгаа ОХУ-ыг хар л даа. Нэг том хүчтэй лидер гарч, бүх улс руу өөрийн бодлогоо шахаж байна шүү дээ. 

    Гэтэл өнөөдөр хийнэ гэснээ бид маргааш нь больдог. Ингэж төөрөлдсөөр, явах замаа харахгүй байна. Харахын тулд маш өндөр боловсролтой байх ёстой. 

    Даяаршлын энэ үед жижиг үндэстнүүдийн хэл, соёл асар хурдацтай устаж, мөхөж байна. Тиймээс бид, өөрийгөө хамгаалах үндэсний дархлаатай байж, оршин тогтнох үндсийг яаралтай тавих ёстой. 

 

   

 - Төрийн бодлого дутагдаж байгааг бид олон жил бүх л салбарт ярьж байна.  Гэтэл төр өөрөө тогтворгүй, сайд дарга нар нь богино хугацаанд солигдож байна. Энэ хугацаанд бодлогын бичиг баримт гаргах завдал гарах уу?


      - Бидний хэсэг эрдэмтэн салбарын сайдаараа, байнгын хороогоор гээд хаа сайгүй явж байна. Мэдээж, судалгааны их сургуулийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаан, дээд боловсролын зөв зохистой бүтэц хэрэгтэй. Үүний ач холбогдлыг л нийгэм болон  Төр, засаг ойлгох хэрэгтэй. Гэтэл сүүлийн үед хамгийн тогтворгүй, хамгийн их тоглож байгаа яам нь БСШУСЯ байна. Туршилтын туулай шиг сайд нар нь байнга солигдож  байна.

      БСШУЯ-ны дээд боловсролын газарт докторын зэрэгтэй хүн тавих хэрэгтэй гэдэг асуудлыг  би сүүлийн үед нэлээн хурцаар тавьж байгаа. Ажлаа мэддэхгүй, хэлээд ойлгохгүй төрийн албаны бөглөөсүүд үнэндээ ажил хийлгэхгүй хэцүү юм. Шударга шаардлага тавихаар боож хаана. Асуудлаа ойлгохгүй, магистр доктороо ч ялгахгүй, шинжлэх ухааны болон мэргэжлийн индексээ ч ялгахгүй хүн биднийг удирдана гэж юу байх вэ. Судлаач, эрдэмтдээ сонсохгүй тал монголд их шүү дээ. Ямарч тохиолдолд “Шинжлэх ухааны, дээд боловсролын асуудал ийм тархай, бутархай байж болохгүй” гэдгийг бид УИХ-ын байнгын хорооны даргад ч хандаж хэлж үзсэн. Хэлний бодлогын судалгааг хөгжүүлсэн хүний хувьд би чимээгүй суудаггүй. Хууль хүртлээ яваад хууль дээр очоод, санаачилсан хүнд нь таалагдахгүй болохоор өөрчилдөг. Үүнээс болоод амьдралд хэрэгжихгүй маш буруу хайнга хууль гарч байна. 

     Энэ мэтчилэн судлаачид, эрдэмтэд маань дуугүй суугаагүй, тодорхой хэмжээгээр өөрийн бодол санааг хэлээд явж байгаа.

 

Зөв лидер, боловсон хүчин гарвал МОНГОЛЧУУД “БУЖИГНАНА” л даа

 

     - Олон жил ажиллаж байгаа туршлагатай хүний хувьд танд прогноз байдаг уу. Монгол Улс ойролцоогоор тэдэн жилийн дараа оюуны өлсгөлөнгөөс гарна гэдэг ч юм уу?

    - Хүний итгэл дуусдаггүй шүү дээ. Одоо 2020 оны сонгуулиар жинхэнэ мэргэжлийн хүмүүс нь, мэргэжлийн ажил дээрээ очоосой, мэддэг чаддаг, зөв хүнээ сонгож тавиасай гэж л хүсч байна.

     Монголчууд их чадварлаг, социализмын үеэсээ хатуу тогтсон боловсролын системтэй , мэдлэгтэй, авьяастай ард түмэн учраас, уг нь ядах юм байхгүй. Хүн болгон  өөрийн гэсэн зан чанар, өнгө төрх, хүсэл эрмэлзэлтэй. Ийм сайхан суурь баазтай учир, зөв лидер, боловсон хүчин гарч ирвэл монголчууд “бужигнана” л даа. Зөв зүйл рүү зүтгэвэл уг нь бид өөр хүмүүс юм шүү дээ. 

     Гагцхүү бид алсыг харж, ядахнаа л 50-60 жилийн дараа юу болох вэ гэдгийг мэддэг байх ёстой. Үүнд заавал аугаа эрдэмтэд суулгах албагүй л дээ. Маш шийдэмгий зөв баг ажиллуулж зоригтой алхамуудыг хийдэг байх хэрэгтэй. Хариуцлагатай, шударга тогтолцоо хэрэгтэй байна.

 

     - Ядаж л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа дэргэд шинжлэх ухаан, эрдэмтэн судлаачдын багийг тогтмол байлгамаар байгаа юм?

     - Ерөнхийлөгчийн дэргэд шинжлэх ухааны зөвлөл байгуулж, салбарын тэргүүлэх эрдэмтдийг / эрх мэдэлтнийг дагаж явдаг эрдэмтэн биш /ажиллуулах саналаа бид тавьж л байгаа. Гэтэл судлаачийн орон тоо гаруут л нэг нь гүйж очоод суух юм. Яасан ч их ажилгүй хүмүүс байдаг юм. /инээв/. 

     Мэргэжлийн эрдэмтдээ сонсдоггүй, улс төрчид өөрсдөө ашигтайгаар өөрчилдөг, өөрсдөд нь таалагддаг хүнээ тавьдаг хачин тогтолцоо байх юм.  Ганцхан жишээ хэлэхэд: Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын зөвлөлийг байгуулсан. Хэлний бодлого гэхээр зөвхөн монгол хэлний асуудал биш шүү дээ. Хэлний бодлогын чиглэлээр 10 гаруй эрдэмтэн бэлтгэгдээд байхад нэгийг нь ч оруулахгүй байх жишээтэй. Хэлний бодлогоо мэдэхгүй нөхөд ичих ч үгүй орчих юм /инээв/.

     Орчин үеийн судалгаагаар эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, давтан бэлтгэх, оюуны цөөхөн  хүчийг зөв зохистой ашиглах, шинжлэх ухааны эрчимтэй хөгжил  нь улс орны оршин тогтнохын үндэс болох буй за.