Р.ОЮУН

МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал,

 доктор, профессор Ч.Ундрамтай ярилцлаа.

 

-“Тогтвортой хөгжил Дээд боловсрол” улсын зөвлөгөөнийг танай сургууль зохион байгуулах гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн оны сүүлээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУИС-д хоёр удаа ирсэн. Хоёр дахиа ирэхдээ ашиглалтаас гарсан, шинээр баригдах гэж байгаа хичээлийн IV, VI болон оюутны байрны талбай дээр баригдаж байгаа спорт цогцолбор, шинэ номын сантай танилцаж манай удирдлагууд, багш, ажилтнуудтай уулзсан. Тухайн үедээ Ц.Цогзолмаа сайд боловсролын салбарыг сайжруулах чиглэлээр МУИС-ийг түшиж хамтарч ажиллана гэсэн. Ингээд БСШУСЯ, их, дээд сургуулийн консорциум, МУИС-тай хамтарч “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэ зөвлөгөөн нь таван салбар хуралдаантай. Дээд боловсролын засаглал, сургалт, багшийн болон оюутны хөгжил, судалгаа, инноваци ямар төвшинд яаж явах ёстой юм бэ гэдэг талаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн удирдлагууд, багш, эрдэмтэд оролцсон зөвлөгөөн юм.

 

Зөвлөгөөний онцлог юу вэ?

-Нэгдүгээрт, засаглалтай холбоотой ямар асуудал гарч байна. Үүнийг яаж шийдэх вэ, эрх зүйн баримт бичгүүдэд ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг хэлэлцэнэ. Мөн МУИС-ийн хувьд элсэлтийн бодлогын талаар илтгэл тавина. Элсэлтийн бодлогыг бид ямар төвшинд гаргах вэ, элсэлтийн ерөнхий шалгалтыг яаж авах ёстой юм. 10 жил болон их сургуулийн хоорондох завсрыг яаж шийдэх, бусад их, дээд сургуулиас сургалтын чанарыг яаж сайжруулах вэ гэдгийг ярих гэж байна. Багшийн хөгжилтэй холбоотой судалгааны их сургуулийн багшид ямар шаардлага тавьдаг. Одоогийн багш нарыг яаж тэрэнд хүргэх юм. Судалгааны их сургуулийн багш ямар байх, цалингийн хувьд яах ёстой. Мөн оюутнуудаа сургалтаар болон бусад цагаар яаж хөгжүүлэх вэ. Нэг талаар бид оюутнуудыг сургахаас гадна хүмүүжүүлэх ёстой. Тиймээс үүнийг яаж хийх, оюутны холбоотойгоо яаж харилцах. Судалгаа, инновацийн хувьд төр, хувийн хэвшилтэйгээ хэрхэн ажиллах талаар ярилцана.

 

Зөвлөгөөнд хэчнээн багш, эрдэмтэн оролцох вэ?

-Бүх их сургуулийг харж байгаад тухайн сургуульд ажилладаг багш нарынх нь тоонд уялдуулан квот өгсөн байгаа. Тухайлбал, ШУТИС гэхэд 70 багш, эрдэмтэн оролцоно. Маргааш үзэсгэлэн гарч, лабораториудын нээлт болно. Харин 26-нд Төрийн ордонд үндсэн илтгэлүүд яваад салбар хуралдаан нь манай номын санд болно. Их сургуулиуд өөрсдийнхөө квотод гадаадын төлөөлөгчдийг оруулсан байгаа. Манайх энэ хичээлийн жилд гадаад, дотоод хамтын ажиллагаагаа нэлээд чухалчилна. Тэгэхээр ойрхон ажилладаг яам, агентлагынхаа удирдлагууд болон энд ажиллаж байгаа гадаадын байгууллагуудын төлөөллийг урьсан байгаа.

 

Танай сургуулийн хувьд тулгамдаж байгаа ямар асуудал байна?

-Төрөөс дээд боловсролын талаар баримтлах бодлогын бичиг баримтад Монголын дөрвөн их сургуулийг Азийн топ 100 сургуульд оруулна гэж баталсан байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд МУИС-д хамаарна гэж бид үзэж байгаа. Тиймээс 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлахдаа Азийн топ 100 сургуульд багтана  хэмээн зорьсон байгаа. Үүнтэй тулгарч байгаа асуудлуудыг өмнө нь Ц.Цогзолмаа сайдтай ярилцаж байсан. Тухайлбал, засаглалын асуудал. Төрөөс хараат байна, үүнийг тусад нь авч шийдэх хэрэгтэй. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 100 их, дээд сургууль байгаа. Тиймээс өөр бодлого хэрэгжүүлэхгүй бол нэгдсэн бодлогоор яваад байна. МУИС гэхэд улсдаа математик, хими, биологи, газар зүй гэсэн нарийн шинжлэх ухаан авч явдаг сургуулийг нийгэм, хууль, нягтлан бодох чиглэлээр хичээллэдэг сургуультай адилхан төвшинд бодлогоор хангаж ажиллахаар болохгүй байна. Гаднаас мундаг эрдэмтдийг урьж ажиллуулъя гэхээр манай цалинг голдог. Бид төрийн үйлчилгээний алба хаагчийн цалингийн шатлалаар явдаг. Үүнийг маань том эрдэмтэд сонирхож ирэхгүй байна. Бид зар тавьж үзлээ. МУИС-ийн хувьд элсэлтийн бодлого чухал байдаг. Шилдэг оюутнуудыг их сургууль дээрээ авчирч шилдэг багш нартай ажиллуулаад тэндээс мэдлэг бүтээх үүрэгтэй. Үүнийг хийе гэхээр элсэлтийн бодлого зохицохгүй, чанар бидний шаардлагад хүрэхгүй, шалгалт авч байгаа хугацаа элсэлтийн бодлоготой таарахгүй байна. Мөн лабораторийн тоног төхөөрөмжийг худалдаж авахад худалдан авалтын хуулийнхаа дагуу тендер зарлах хэрэгтэй болдог. Энэ нь Азийн топ 100 сургуульд багтахад хүндрэлтэй байна гэдгээ хэлсэн байгаа. Зөвлөгөөн дээр ч үүнийгээ хэлэлцэнэ.

 

Судалгааны их сургууль болохын тулд ямар ажил хийж байна вэ?

-Сайд манайхыг судалгааны их сургууль болохыг дэмжиж ажиллана гэсэн. Үүнтэй холбогдуулан сургалт, эрдэм шинжилгээ, инновац, багшийн хөгжил бүгд уялдаатай явж байна. Энэ болгонд бидэнтэй хамтарч ажиллана гэсэн. Бодлогын төвшинд биднийг дэмжвэл сургуулийн хувьд нэлээд чармайлттай ажиллаж байгаа. Судалгааны их сургуулийн тухай хууль боловсруулаачээ гэсэн саналыг МУИС санаачлаад дэвшүүлээд явж байгаа. УИХ-ын гишүүдээс ч гэсэн энэ чиглэлээр бидний саналыг хүлээж аваад, зүйтэй юм байна гээд дэмжээд явж байгаа хүмүүс ч бий. Тэгэхээр судалгааны их сургууль, багш, оюутнуудад ямар шаардлага тавьдаг, эрдэм шинжилгээ, инноваци нь ямар төвшинд явах ёстой юм бэ гэдэг асуудлыг манай их сургуулиуд, багш нар яам, тамгын газрынхантай хэлэлцэнэ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин